Тавантолгойн нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад албан ёсоор шилжүүлэх нээлтийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи хотхонд боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг улсын онц чухал обьектын жагсаалтад оруулан, дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэ дагуу Дотоодын цэргийн албан хаагчид бүхий Тусгай салбар байгуулагдаж, өнөөдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд харуул хамгаалалтын ажлаа эхлүүллээ.
Нээлтийн арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайг гэрээт хамгаалалтад авах ажлын хэсгийн ахлагч, Дотоодын цэргийн штабын орлогч, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Салбарын удирдлагууд, ажилтан, албан хаагчид оролцлоо. Хурандаа Д.Рэнцэндорж энэ үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар буюу дотоодын цэргийн албан хаагчдаар гүйцэтгүүлэх боломж бүрдэж байгааг хэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа Удирдлагын газрын дарга Х.Батсайхан дотоодын цэргийн алба хаагчид болон өмнөх гэрээт байгууллагын ажилтнуудад ажлын амжилт хүсэж, дурсгалын зүйлс гардуулав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй 350 га газарт өдөрт дунджаар 2600 орчим ажилтан албан хаагч ажиллаж, нүүрс тээврийн 1000 орчим машин уурхайн бүс рүү нэвтэрдэг. Засгийн газрын тогтоолын дагуу Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авснаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байна.
Мөн нүүрс тээврийн жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, аваар осол гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих боломжтой болж байгаа юм.
Холбоотой мэдээ