Канадын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Куинн олимпийн наадмаас алтан медаль авсан анхны трансжендер тамирчин болжээ. Өчигдөр/2021.08.06/ Токиогийн олимпийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн финалын тоглолт явагдаж, Канадын баг Шведийг торгуулийн цохилтоор хожин аварга авсан юм.
Энэ удаагийн зуны XXXII олимпод нийт гурван трансжендер тамирчин оролцсон. Тодруулбал, Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хабберд, АНУ-ын скейтбордын тамирчин Алана Смит болон Канад хөлбөмбөгчин Куинн нар. Гэхдээ ганц медаль хүртсэн нь Куинн аж.
Энэ жилийн олимпод 182 ЛБГТ тамирчин оролцжээ.
Куинн өөрийн инстаграм хуудаснаа “Өөрийгөө транс гэдгийг зарлаж, олимпод оролцсон анхны тамирчин би боллоо. Юу мэдэрч байгаагаа мэдэхгүй байна. Гарааны бүрэлдэхүүнд Куинн гэх нэрийг хараад өөрөөрөө бахархаж байлаа. Надаас өмнөх транс тамирчид дэлхий нийтээс айж, үнэнийг нууж амьдарсныг бодохоор гунигтай байна. Энэ өөрчлөлтийг өөдрөгөөр харж байна. Хууль дүрэм, бүтэц, сэтгэлгээний өөрчлөлт явагдаж байна. Транс охидуудыг спортоор хичээллэхийг хориглодог. Транс эмэгтэйчүүд олимпийн мөрөөдлөө биелүүлэх гэж оролддог боловч ялгаварлан гадуурхалт, буруу ойлголттой нүүр тулдаг. Бидний тэмцэл дуусаагүй байна. Бүгд тэгш эрхтэй олимпод оролцдог болсон хойно бид баяраа тэмдэглэх болно” хэмээжээ.
Торонтогоос гаралтай Куинны хувьд 2016 оны Риогийн олимпоос багийнхаа хамтаар хүрэл медаль хүртэж байсан боловч тухайн үедээ өөрийгөө транс гэдгийг зарлаагүй, нуусан аж.
Олон улсын олимпийн хороо 2004 онд трансжендер тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн билээ.
Холбоотой мэдээ