Засгийн газрын чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулагдаж эхэллээ. Ховд аймагт өчигдөр/2021.08.06/ аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан явагдав. Үзүүр, түрүү булаалдахаар аймгийн заан Б.Уртнасан болон сумын заан Г.Ганхуяг нар барилдаж, Ховд аймгийн Булган сумын харьяат, өдгөө 24 настай Г.Ганхуяг түрүүлж, аймгийн арслан цол хүртэв. Харин Ховд аймгийн Үенч сумын харьяат аймгийн заан Б.Уртнасан 31 насандаа цолоо баталж байна.
Тэгвэл Ховд аймгийн Мөст сумын харьяат сумын заан М.Баяржавхлан, Чандмань сумын харьяат залуу бөх Б.Дэнзэнсамбуу нар шөвгөрч аймгийн начин цолны болзлыг тус тус хангалаа.
Наймдугаар сарын 9-ний өдөр Ховд аймагт улс, аймаг, цэргийн цолтой болон сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан болно.
Мөн Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд өчигдөр болов.
Сонгомол дээд насны ангилалд 75 хурдан хүлэг уралдаж, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Тод манлай уяач С.Лувсанбалдангийн Луу халтар түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагвын Солонго хүрэн, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Д.Ганзоригийн хээр, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хүрэн, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн сартай хээр тус тус айргийн тавд хурдалжээ.
Холбоотой мэдээ