НЭМЭЛТ:
Олимпийн хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа:
-Олимпийн медальтан болсондоо баярлаад ханахгүй байна. Надад тусалдаг гэрийнхэндээ баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Женко клубыг үүсгэн байгуулагч Х.Баттуул захиралдаа, Женко клубын багш нар болох Сүхбаатар, Мөнхсүх, Оюунсүрэн багш нартаа мөн шигшээгийн таван багшдаа маш их баярлалаа. Биеийн тамир спортын улсын хороо, чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга, хоолзүйч, сэтгэлзүйч гээд бүх хүмүүстээ баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдсангүй олимпийн медаль авсандаа баярлаж байна. Яг одоо аав минь маш их баярлаж байгаа байх. Аав аа охин нь таныхаа итгэлийг алдаагүй шүү. Есүүлээ олимпийн эрх аваад ирсэн. Манайхан медаль хүртэх боломжтой байсан ч болохгүй байсан. Медаль авсандаа баяртай байна. Маргааш барилдах хоёр тамирчиндаа амжилт хүсье. Өөртөө итгэлтэй байсан. Багш нарын маань сэтгэл зүй, дэмжиж байсан хүмүүсийн урам зоригоор тэтгэгдэж, улам итгэлтэй болсон. Өнөөдөр өөртөө итгэлтэй дэвжээн дээр гарсан.
Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Камерун улсын тамирчин Йосеф Эссомбе Тиакотой барилдаж, 14-4 гэсэн харьцаатай ялан хүрэл медаль хүртлээ.
Монгол Улс ийнхүү Токиогийн олимпоос нэг мөнгөн, гурван хүрэл медаль хүртээд байна.
Олимпийн чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 53 кг-ийн медальтнууд өнөөдөр/2021.08.06/ тодорно. Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Камерун улсын тамирчин Йосеф Эссомбе Тиакотой 20.05 цагаас барилдана.
24 настай Б.Болортуяагийн хувьд 2019 оны ДАШТ-ээс хүрэл, Иван Ярыгины алтан Гранд Пригээс хошой хүрэл, 23 хүртэлх насны Азийн аваргаас хүрэл медаль тус тус хүртсэн Монголын шилдэг залуу тамирчдын нэг. Тэрбээр энэ олимпоор Гуамын Ркаела Аквино, Экуадорын Луиса Валверде нарыг ялж, хагас шигшээд шалгарсан боловч Японы Маюү Мүкаидад ялагдсан.
Түүний өрсөлдөгч 33 настай Йосеф Эссомбе Тиако нь 2019 оны Африкийн аварга, Африкийн наадмаас тус бүр мөнгөн медаль хүртжээ. Сонирхуулахад, Тиако нь Токиогийн олимпийн нээлтэнд улсынхаа туг баригчаар оролцсон аж. Тэрбээр эхний барилдаандаа Японы Маюү Мүкаидад ялагдсан ч Мүкаида финалд шалгарсан учир дагах барилдаан хийжээ. Дагах барилдаанаа Польшийн Роксана Засинатагийн эсрэг хийж, 4-4-ийн харьцаатай тэнцсэн ч сүүлд авсан бүхэл оноогоороо ялжээ.
Йосеф Эссомбе Тиако нь 2016 оны Риогийн олимпод оролцсон боловч эхний шатнаасаа хасагдаж байв.
Холбоотой мэдээ