Германы компанитай Зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа | News.MN

Германы компанитай Зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа

Германы компанитай Зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа

Германы компанитай Зөвлөх үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурлаа

Улаанбаатар хот, 2021 оны 8 дугаар сарын 04 – Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлэх Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолойн нарийвчилсан зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээний гэрээг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр цахимаар үзэглэлээ. Гэрээнд Монголын МСС-г төлөөлж Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, гэрчээр Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Холбооны Бүгд Найрамдах Герман улс (ХБНГУ)-ын “Фихтнер Ватер энд Транспортэйшн" компанийг төлөөлж тус компанийн Ази, Номхон далайн бүсийн Бизнесийн хөгжил хариуцсан Гүйцэтгэх захирал Александр Бом, гэрчээр инженер Торбен Андерсен нар гарын үсэг зурав.

Viber Image 2021 08 05 15 43 47 598

Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоорондоо харилцан уялдаа бүхий гурван төслийн нэг болох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох шугам хоолой, бусад дэд бүтцийн хамт барьж байгуулна. Төсөл хэрэгжсэнээр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн хаягдал уснаас хоногт 50,000 хүртэл метр кубыг дахин боловсруулж, ДЦС-3 ТӨХК болон ДЦС-4 ТӨХК-д техникийн зориулалтаар эргүүлэн ашиглах замаар аж үйлдвэрийн салбарт ашиглаж буй гүний цэвэр усны хэрэглээг жилд 15-18 сая хүртэлх куб метрээр бууруулж,  газрын доорх усыг энэ хэмжээгээр хэмнэх юм. Энэхүү төсөл нь манай улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны туршлага болох бөгөөд Улаанбаатар хотын хязгаарлагдмал усны нөөцийг хариуцлагатай, үр ашигтайгаар удирдах чиглэлд бодитой хувь нэмэр оруулна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний гэрээний хүрээнд “Фихтнер Ватер энд Траспортэйшн” компани дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтэц, ДЦС-3 ТӨХК болон ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийн өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах багц ажлыг хийж гүйцэтгэх юм.

Dsc 0053

Dsc 0047 1

“Фихтнер Ватер энд Транспортэйшн” компани нь олон улсад нэр хүндтэй ХБНГУ-ын томоохон инженерийн компаниудын нэг болох “Фихтнер” группийн охин компани бөгөөд дэлхийн 100 гаруй улс оронд ус хангамж, ариутгах татуурга, хог хаягдал, зам тээвэр, байгаль орчны инженерчлэл, уул уурхай, геологийн судалгаа болон далайн дундах салхины эрчим хүч үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх төслийн  зөвлөхөөр ажилласан туршлагатай бөгөөд цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг тус компанийн боловсруулсан зураг төслөөр гүйцэтгэж байгаа юм.

“Фихтнер Ватер энд Транспортэйшн” компанийн боловсруулсан зураг төслөөр дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолой, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах, ДЦС-3 ТӨХК болон ДЦС-4 ТӨХК-ийн техникийн усны схемийг өөрчлөх ажлыг цогцоор нь гүйцэтгэх компанийг 2022 оны сүүлээр сонгон шалгаруулна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалтыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр зарласан бөгөөд Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулна.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж