Олимпийн наадамтай холбогдуулан Япон улс дэлхий нийтийн анхааралд байгаа энэ үед Токио хотод “Covid-19”-ийн тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байна. Тус хотод өчигдөр 5042 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура “Мэргэжилтнүүд “дельта” хувилбарын нөлөөгөөр ирэх 14 хоногт тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна” гэв. Эмнэлгүүд хүний хөлд дарагдаж буй тул хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа өвчтөнүүдэд гэртээ тусгаарлагдах зааврыг өгч байгаа аж.
Токиод “Covid-19”-ийн халдварын тоо анх удаа 5000-ыг давж буй тул хотын захиргаа олон хүн амтай дүүргүүдэд зарим хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэллээ. Японы ерөнхий сайд Ёшихиде Суга эсэргүүцлийг үл тоон эх орондоо Олимпийн наадам зохиох шийдвэрт хүрсэн нь олны шүүмжлэлийг их дагуулсан юм. Харин тэрбээр “Халдвар урьд өмнө байгаагүйгээр дэлгэрч байгаад харамсаж байна. Гэхдээ үүнийг Олимптой холбож үзэх нотолгоо хараахан алга” гэсэн юм.
“Халдвар өнгөрсөн 14 хоногт хоёр дахин нэмэгдэж, эмнэлгүүд туйлын ачаалалтай ажиллаж байна” гэж Эдийн засгийн сайд Ясутоши Нишимура шинжээчдийн зөвлөлд хандан хэлэв. Шинжээчдийн бүрэлдэхүүн онц байдлын дэглэмийг өргөтгөх шийдвэрт хүрснээс гадна зарим нь улс даяар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байв. Гэвч хөл хорио тогтоох хүртэл хатуу арга хэмжээ авахгүй бөгөөд ресторан, баруудыг согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглож, өмнөхөөсөө эрт тарах зэрэг шаардлагуудыг тавих аж.
Гэвч эх оронд нь Олимпийн наадам зохиогдож, нийслэл Токио хот жуулчдын хөлд дарагдаж буй энэ үед Японы ард иргэд дээрх хориг хязгаарлалтыг төдийлөн анхаарч үзэхгүй байна. Албан ёсны тоон мэдээллээр Токиод халдварын үзүүлэлт 20 хувьтай байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна гэх хардлагыг төрүүлж байна.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: Slate
Холбоотой мэдээ