"Эхний долоон сарын байдлаар 86 хүн голын усанд живсэн" | News.MN

"Эхний долоон сарын байдлаар 86 хүн голын усанд живсэн"

"Эхний долоон сарын байдлаар 86 хүн голын усанд живсэн"

Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж буй талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.


-Иргэд амарч зугаалах үедээ гол, усанд осолдож, бэртэж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ оны эхний  долоон сарын байдлаар хичнээн хүн гол, усанд осолдсон талаар мэдээлэл өгнө үү?

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон  сарын байдлаар 74 удаагийн гол, усны ослын дуудлага бүртгэгдэж 86 хүн амь насаа алдсан байна. Үүний 62 буюу 75.4 хувь нь хөдөө орон нутагт, 22 буюу 25.6 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Үүнээс том хүн 67 буюу 78.6 хувь, хүүхэд 19 буюу 21.3 хувийг эзэлж байна. Мөн наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн 2 дүүрэг, 35 аймгийн 47 суманд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, 6 иргэн /том хүн 4, хүүхэд 2/ нас барж, 848 мал хорогдон, үерийн усанд 2 гэр нурж эвдэрч, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсан тухай статистик мэдээлэл байна.

Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор иргэд орон нутгуудаар ихээр аялж, тэр хэмжээгээрээ иргэдийн хөдөлгөөн хөдөөгүүр ихээр нэмэгдэж гол, нууруудын орчимд амрах амрагчдын тоо өмнөх жилээс  нэг дахин өссөн байна.

Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх ямар ажлуудыг одоогийн байдлаар зохион байгуулж байна вэ? Эдгээр ажлуудыг зохион байгуулснаар ямар үр дүн гарч байгаа вэ?

-Улсын Онцгой комиссын даргын 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ” улсын хэмжээнд зохион явагдаж байна. Он гарсаар эхний 7 сарын байдлаар 28 гол, нуур, үер усны эрсдэл бүхий газруудад Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газартай хамтран  1392 явган эргүүл, 479 завьт эргүүл нийт 1871 алба хаагч, 393 техник хэрэгсэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд санамж, сэрэмжлүүлэг, анхааруулах, хуудас тарааж, эрсдэл өндөр газруудад самбар байршуулж, хуучирч муудсан тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварласан.

Энэ оны зургадугаар сард Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарч Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлээр цагдаагийн газар, хэлтсийн 213 алба хаагч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн  ажилчидтай хамтран үүрэг гүйцэтгэж, болзошгүй гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, гарын авлага тарааж, голд суусан автомашиныг татан гаргаж аюулгүй болгох зэрэг ажлуудыг хийснээр гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн.

Мөн цагдаагийн алба хаагчид болон Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги хамтран нийт усны ослын 50 дуудлагаар ажиллаж 82 иргэний амь насыг авран хамгаалж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Цагдаагийн байгууллага жил бүр гол, усны осол, аюулаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг зохион байгуулж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл, анхааруулах хаяг самбарыг байршуулан ажиллаж байгаа ч иргэн бүрт төдийлөн хүрч чадахгүй байна.

-Иргэд яг ямар шалтгаанаас болж амь насаа алдаж байна? Юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Одоо ч иргэдийн амрах, аялах зугаалах цаг дуусаагүй, хөдөө амрах иргэдийн хөдөлгөөн татраагүй байна. Хотод ч гэсэн ойролцоох ногоон байгууламж, гол устай газраар амралтын өдрүүдэд ихээр амарч зугаалж байна. Энэ үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, улмаар гол усанд сэрүүцэх, сэлэх зорилгоор их ордог, мөн баталгаагүй завь, хөвөгч ашиглах, эсхүл гол усны түвшин ямар байгааг тооцоолохгүйгээр гол руу орж хөл алдан амь насаа алдаж байна. Мөн иргэд архидан согтуурах, хөзөр тоглох, хоол хийх зэргээр анхаарлаа сулруулж хүүхдийг хяналтгүй үлдээснээс үүдэн бага насны хүүхэд гол ус руу орох, хөл алдах эрсдэлүүд тохиолдож байна.

Хүүхдийн аюулгүй байдал гэдэг бол эцэг, эхчүүдийн нэн тэргүүнд тавих хамгийн чухал асуудал, Цагдаагийн байгууллага “Ирээдүйгээ хамгаалъя” аян зохион байгуулж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ аян маань нэг талдаа бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг зам тээврийн осол, хэрэг зөрчилд өртөхөөс хамгаалах зорилго чиглэлтэй. Нөгөө талаас нь харвал хүүхдүүд зөвхөн зам тээврийн осол гэлтгүй, гол ус, тог цахилгаанд түлэгдэх, барилга байгууламж, өндрөөс унах, бэртэж  гэмтэх, амь насаа алдах гээд олон шалтгаанаар эрсдэлд ордог. Энэ бүхнээс л эцэг эхчүүд хүүхдээ хамгаалж, аливаа эрсдэлийг урьдчилан тооцоолж хүүхдийнхээ төлөө хийж болох ямар л урьдчилан сэргийлэх арга, боломжууд байна вэ гэдгийг тухайн нөхцөл байдлыг сонор соргогоор мэдэрч, бүхий л талын арга хэмжээ авч байх хэрэгтэй юм.

-Энэ жил ялангуяа голын эрэг дагуу завьт, морьт, явган, мотоциклтэй эргүүлүүд нэлээн явж байгаа харагдсан. Эдгээр эргүүлүүдийн давуу тал, онцлог нь юу вэ? Хэд дэх жилдээ явж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас жил бүр дулааны улиралд гол, нуурын эрэг дагуу завьт болон хөдөлгөөнт, явган, морьт эргүүлийг үйл ажиллагаандаа ашигладаг. Энэ жилийн тухайд гол дагуу завьт эргүүл 2 чиглэлд 6, мотоциклтой эргүүл 4 чиглэлд 8, машинт эргүүл 6 чиглэлд 12, морьт эргүүл 10 чиглэлд ажиллуулж байгаа юм. Морьт эргүүлийг сүүлийн 10 гаруй жил гол дагуу эргүүлд нэмэгдлээр ажиллуулж байна. Морьт, мотоциклтой, явган эргүүлийн давуу тал нь гэвэл автомашин явах боломжгүй бартаа саад ихтэй газруудад түргэн шуурхай очих, иргэдэд нэг бүрчлэн хүрч шаардлага тавих, хууль тогтоомжийг сахиулах, гол уснаас иргэдийн амь насыг түргэн шуурхай авран хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж