Ерөнхийлөгч өө, түүхэнд нэрээ үлдээнэ үү!

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өө, түүхэнд нэрээ үлдээнэ үү!

Ерөнхийлөгч өө, түүхэнд  нэрээ үлдээнэ үү!

У.Хүрэлсүх зургаа хананд хадуулахаас илүү нэрээ түүхэнд үлдээхийг хүсдэг. Түүхэнд үлдэхийн тулд том реформ хийх хэрэгтэй.  Жишээ нь, цахилгаан, дулаан, түлш, шатахууны үнийг чөлөөлбөл У.Хүрэлсүхийн нэр хүссэн хүсээгүй түүхэнд үлдэнэ.

НЭГ.

Дөрөв хоногийн өмнө Төрийн ордонд болсон шатахууны үнийн хэлэлцүүлэг дээр зургаан зуун төгрөгөөр нэмэгдсэн үнийг зуун төгрөгөөр буулгана гэж АМГТГ-ын дарга Х.Хэрлэн амалжээ. Гэвч, шатахууны үнэ буцаад зуу байтугай зургаан төгрөгөөр буух боломжгүй юм. Шалтгаан нь гадаад зах зээл. Манай гол нийлүүлэгч ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн төдийгүй  зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ экспортыг түр зогсоожээ.  Ирэх намар шатахууны үнэ ахиад ч нэмэгдэж магадгүйг Х.Хэрлэн даргын орлогч Ц.Эрдэнэбаяр хэлээд шатахууны нөөцөө тасалдуулахгүйн тулд Хятадаас бензин авахаар болсон гэв.  Хомсдол үүсвэл шатахууны үнэ тэнгэрт хадна. Төр шатахууны үнийг олон сар хүчээр барьснаас болж ийнхүү эдийн засагтаа “гал дуудав”.  Тэр тусмаа ургац хураалт хаяанд ирж байгаа үед шатахууны хомсдол нүүрлэж буй нь муу мэдээ. Цаашдаа хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөөр явах уу.

Жилийн жилд шатахууны үнэ тойрсон хэрүүл өрнөдөг. Нэг хэсэг нь нэмлээ гэнэ. Нөгөө хэсэг нь нэмэхээс өөр аргагүй гэнэ. Төр нь хүчээр үнэ барина. Гэвч, Засгийн газар онцгой албан татварыг тэглэж хэсэгтээ л гал намжаахаас бүрэн унтрааж чаддаггүй.  Үүсгэсэн нурмаас нь дараа нь түймэр дэгддэг, өнгөрсөн сард импортлогчид хоёр удаа шатахууныхаа үнийг огцом нэмсэн нь үүний гол жишээ.

Оросууд  бүх төрлийн бензинээ тонн тутамдаа 38 ам.доллараар, дизель түлшийг 10 ам.доллар өсгөжээ. Монголчуудын гол хэрэглээ болох АИ-92 автобензиний үнэ гэхэд тонн тутамд 695 ам.доллараас 733 ам.доллар болтол нэмэгдсэн гэсэн үг. Товчхондоо, ирэх есдүгээр сард нэг литр шатахууныг Оросоос 2000 гаруй төгрөгөөр худалдаж авахаар болж байна.

Цаашдаа шатахууны үнийг хүчээр барих юм бол хомсдол үүснэ. Дараа нь эдийн засаг дампуурна. Шатахууны үнэ 600 төгрөгөөр өсөхөд  мах, сүү гурил, бараа таваар, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэ дагаад өсч байна.  Энэ бүгдээс гарах арга ганц л бий. Тэр нь үнэ чөлөөлөлт. Үнийг чөлөөлөхгүй бол төрийн дарга нарын авлига, хүнд суртал арилахгүй.  Үндсэндээ, сонгуульжсан бодлогын алдааг эцсийг хэрэглэгчид буюу иргэд халааснаасаа төлөхөд хүрдэг.

Шатахууны үнийг чөлөөлбөл Улаанбаатарын түгжрэл буурна. Хотын төвөөр “дэмий сэлгүүцдэг”, автомашины тоо буурна. Утаа багасна, давуу тал байна аа, байна. Харин автобусныхаа тоог нэмэх нь төрийн хийх ёстой ажил юм.

ХОЁР .

Монгол Улс нэг МВт нь 243 төгрөгөөр ОХУ-аас 350 орчим сая МВт цахилгаан эрчим хүч татдаг. БНХАУ-аас жилд 1,3 тэрбум МВт цахилгаан импортолж байна. Эрчим хүчний нийлүүлэлт хүрэлцээгүй, дээр нь найдваргүй, хангалтгүй.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлээд айл өрх, албан байгууллагын цахилгаан дулааны үнийг төр төлөх болсон. Covid-19-тэй тэмцэх эдийн засгийн бодлогын хүрээнд иргэд, компаниудын хэрэглэсэн цахилгааны мөнгийг “Эрдэнэт” үйлдвэр дааж буй.  Энэ оны арванхоёрдугаар сар хүртэл цахилгаан дулааны үнийг төр даахаар болсон тул “Эрдэнэт”-ээс бараг нэг их наяд төгрөгийг төрийн “халамжинд” зарцуулж байна гэсэн үг. Энэ мөнгөөр  эрчим хүчний эс үүсвэрээ нэмчихсэн бол  эдийн засгийн үр ашигтай байлаа.

Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсч, эсрэгээрээ эх үүсвэрийн тоо нь төдийлөн нэмэгдсэнгүй.  Лав тавдугаар цахилгана станцтай болно гэж 25 жил мөрөөдөж байгаа. Нэг станц нь гэмтчихвэл улсаараа харанхуй болохоо өнгөрсөн долдугаар сард  ДЦСIV-т гарсан гэмтлээс ойлгосон байх. Урин дулаан цаг байсан тулдаа хохирол багатай өнгөрсөн. Хэрэвзээ өвөл, идэр есийн хүйтнээр өчүүхэн осол гарвал юу болохыг төсөөлөхөд ч аймаар.

Үе, үеийн Засгийн газар эрчим хүчний салбарын эх үүсвэрийн нэмэгдүүлнэ гэж ярихаас үр ашгийн тухай огт хөнддөггүй. Энэ нь нөгөө улс төртэй холбоотой байх. Гээд энэ байдлаараа явбал бас л эрчим хүчний хомсдолд орно. Эрчим хүч хэрэглэдэггүй нэг ч салбар байхгүй.

Эрчим хүчний үнийг хүчээр барьж, бодит өртөгөөс нь 22 хувиар доогуур тогтоосноор  цахилгаан станцууд болон нүүрсний уурхайнуудын хооронд өр төлбөр үүсч, техник хэрэгслээ бүрэн дүүрэн шинэчилж чаддаггүй.  Гэтэл эрчим хүч улс орнуудын үндэсний аюулгүй байдлын баталгаа. Аюулгүй байдлаа алийн болгон эрсдэл оруулсаар байх вэ.

Үнийг чөлөөлж, эдийн засгийн реформ хийж чадах ганц хүн өнөөдрийн улс төрд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд эрчим хүч, шатахууны асуудал түүнд хамгийн их хамаатай. Тэгэхээр эрчим хүний том төслүүдээ хөдөлгөж, газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулахаас гадна үнийг чөлөөлж, түүхэнд нэрээ үлдээнэ үү, Ерөнхийлөгч өө!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж