"Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат өчигдөр /2021.08 05/ мэдээлэл хийхдээ “No Naadam” жагсаалд оролцсон хүмүүсийг олж эрэмдэглэнэ" гэсэн нь олон нийтийн дунд багагүй айдас төрүүлээд байна. Бусдын амь нас эрүүл мэндийг илтэд заналхийлсэн Б.Энхбатын ард эрх баригчид байгаа учраас цагдаа нэр түүнийг энхүү үйлдэлд нь баривчлан саатуулсангүй гэсэн шүүмжлэл ч сошиалд өрнөж байгаа юм. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх иргэдээ хойшлуулашгүй ажиллагаа хэмээн баривчлах хэрнээ нэр цохож бусдын амь нас, эрүүл мэндэд илтэд заналхийлж буй Хонхэрээдийн Б.Энхбатыг яагаад баривчлахгүй байгааг хууль, хүчнийхнээс иргэд асууж, түүнтэй хариуцлага тооцохыг шаардах болсон.
Тиймээс уг асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишигээс тодруулахад "Хонхэрээдийн Энхбатаас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлгийг авч байна" гэв. Харин түүнийг баривчлан саатуулаагүй бололтой.
Эргэн сануулахад, “No Naadam” жагсаал нь өнгөрөгч долдугаар сарын 1-нд болсон. Уг жагсаалд үйл ажиллагаа нь хаагдсан аж ахуй нэгжийн төлөөлөл болон иргэд сайн дурын үндсэн дээр баяр наадмыг эсэргүүцэж төв талбайд жагссан юм.
Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд "Заналхийлэх" гэмт хэрэгт
"Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.
Хонхэрээдийн Б.Энхбат нь 2007 онд төрсөн охин Гоомаралынхаа найз залууг хээр аваачиж байгаад санаатайгаар буудан хөнөөсөнд шүүхээс 25 жилийн ял оноосон байдаг. Тэрбээр Мааньтийн хорих ангид ял эдлэж байгаад 2017 оны аравдугаар сард суллагдсан юм.
Холбоотой мэдээ