Цахим наадмын төсвөө дэлгэе

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Цахим наадмын төсвөө дэлгэе

Цахим наадмын төсвөө дэлгэе

Хэл ам дагуулсан Улсын их баяр наадам цуцлагдсан ч ард түмэн наадмын нээлтийг цэнхэр дэлгэцээрээ үзэв. Энэ жилийн наадмын цахим концертыг 850 сая төгрөгөөр бүтээсэн. Энэ нь урьд жилүүдийнхээс 250 сая төгрөгөөр илүү байв. Гэтэл энэ их мөнгийг хэрхэн зарцуулсан нь олон нийтэд тодорхой бус. Наадмын цахим концертыг Ерөнхий сайдын төрсөн ах Б.Баатар найруулсан. Энэ нь иргэдийн шүүмжлэлийг багагүй дагуулж, Б.Баатар үнэ хөлсгүй найруулснаа дуулгасан.

Энэ тухайгаа тэрбээр “Эхнээсээ наадмын нээлтийн зураг авалтыг хийж байтал долдугаар сарын 2-нд наадмыг нэг жилээр хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс наадмын нээлт биш, баярын концерт болгон хөтөлбөрөө үндсэндээ өөрчилсөн.

Мөн “Хэро” энертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье” гэж тайлбар хийсэн байдаг. Найруулагч Б.Баатарын хувьд хоёр дахь удаагаа цахим наадмыг найруулсан бөгөөд бараг л сайн дурын ажил хийж буй гэдэг. Гэвч, 850 сая төгрөг ямар компаниар дамжин, яаж зарцуулагдсан тайлан тооцоог иргэд нэхэж байгаа юм.

Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалтыг хоёр сарын хугацаанд бэлддэг байсан бол тэрбээр их ажлыг энэ жил 19 хоногт хийсэн гэв. Тэгвэл тэр хэмжээгээрээ төсөв багасах ёстой бус уу. Энэ жилийн цахим наадмын төсвийг уран бүтээлчдийн цалин, шагнал, хоол, тайзны засал чимэглэл, бусад зардалд зарцуулсан гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх дарга, цэрэг ч алга.

Баярын концертын төсвийн талаар Соёлын дэд сайд М.Батбаяраас тодруулахад “Наадмын концертын төсвийн тайланг нийслэлийн ажлын хэсэгтэй хамтран гаргана. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Цахим концертод 800 уран бүтээлчээс гадна тээвэр, хангамж, хоол, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахиулах ба эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан 550, нийт 1351 хүн оролцсон гэх. Ардын наадмыг ах дүү хоёрын наадам болгосон гэх шүүмжлэлийн хариуд хийсэн бүтээсэн ажлаа олонд ил тод нээлттэй мэдээлбэл хэнд ч хардлага төрөхгүй биз. Тиймээс Соёлын яам цахим наадмыг зохион байгуулсан төсвөө гаргаж, шилэн дансаа даруй хөтөлнө үү?

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж