Арабын тэнгисийн эрэг орчимд нисэгчгүй онгоц Израилийн газрын тос тээвэрлэгч усан онгоцыг сөнөөсөн хэрэг өнгөрсөн Бямба гаригт гарсан. Хэдийгээр бүрэн дүүрэн нотолгоогүй байгаа ч энэ хэрэгт АНУ, Их Британи, Израиль улсууд Ираныг буруутгасан юм. Уг халдлагаар Их Британи, Румын улсын иргэншилтэй, хөлгийн багийн хоёр гишүүн амь эрсэджээ. Тэгвэл Израилийн батлан хамгаалахын сайд Бени Ганц энэ Пүрэв гаригт “Иран руу довтлох бүх бэлтгэл ажил хангагдсан” гэж мэдэгдэв. Тэрбээр “Ynet” мэдээллийн вебсайтад хандан хэлсэн үгэндээ “Бид Ираны эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулах гарцаагүй нөхцөл байдалтай тулгарлаа. Дэлхий нийт ч мөн Ираны эсрэг хандана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Түүний мэдэгдлийн хариу болгож Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Саид Хатибзаде “Израиль улс олон улсын гэрээг дахин бүдүүлгээр зөрчиж, Иран улсыг цэргийн үйл ажиллагаагаар айлган сүрдүүллээ. Тэд Барууны талын дэмжлэгтээ найдаж ийм бодлогогүй зүйл хэлж байна. Бид Ираны эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд шийдвэртэй алхам хийх болно. Биднийг турших хэрэггүй” гэж твиттер хуудаснаа жиргэсэн байв.
Израилийн батлан хамгаалахын сайдын мэдэгдэл Иран улсын шинэ ерөнхийлөгч тангараг өргөхтэй давхцав. Ираны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Эбрахим Раиси нь тус улсын шашны дээд удирдагч Аятолла Али Хаменейн тууштай дэмжигч төдийгүй хатуу ширүүн байр суурьтай нэгэн юм. Тэрбээр АНУ болон түүний холбоотнуудтай дипломат харилцаа тогтоох сонирхолгүй байгаагаа ил тод илэрхийлдэг. Харин 2015 оны цөмийн хэлэлцээрийг сэргээх асуудлыг дэмжинэ гэдгээ тэрбээр илэрхийлсэн аж.
Дашрамд, халдлагад өртсөн газрын тос тээвэрлэгч усан онгоц Израилийн тэрбумтны өмч байв. Израиль, Барууныхантай харилцаа муудсан 2019 оноос хойш Иран улс газрын тос тээвэрлэгч усан онгоц руу халдсан хэд хэдэн хэрэгт холбогдож байна. Ираны газрын тос тээвэрлэх хөлөг ч мөн ийм төрлийн халдлагад өртдөг. АНУ-ын ерөнхийлөгч асан Трампын засаг захиргаа Ирантай байгуулсан 2015 оны цөмийн хэлэлцээрээс гарсан нь нөхцөл байдлыг ийнхүү хурцатгасан гэж үздэг. 2015 оны цөмийн хэлэлцээр нь Иранд тавьсан хоригийг сулруулах замаар Тегераныг цөмийн зэвсгийн үйл ажиллагаанаас холдуулах зорилготой байв. Гэвч Трамп энэхүү гэрээг цуцалж илүү хатуу нөхцөл бүхий шинэ гэрээ хэлцэл байгуулахаар болсон нь үр дүнд хүрээгүй. Тодруулбал, хуучин хэлэлцээр хэрэгжиж, шинэ хэлэлцээр байгуулах боломжгүй болсноор АНУ, Ираны харилцаа улам бүр зөрчилдөж, Ойрхи Дорнодод мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдсэнээс гадна Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл хэрэгтээ аажмаар татагдан орох болжээ.
Ерөнхийлөгч Жо Байден 2015 оны хэлэлцээрийг сэргээх асуудлыг гадаад бодлогын нэн тэргүүний зорилт болгосон. Үүнээс хойш АНУ, Ираны талууд хэлэлцээрийг сэргээх зорилгоор Вена хотод зургаан удаагийн шууд бус уулзалтыг хийжээ. Ираны шинэ Ерөнхийлөгч Раиси “Ираны ард түмэн засгийн газраасаа амьжиргааг нь дээшлүүлж өгөхийг хамгийн их хүсч байгаа. Үүний тулд АНУ-аас Иранд тавьсан хууль бус хориг цуцлагдах учиртай” гэжээ. Иран улс АНУ-ыг хориг арга хэмжээгээ цуцлах хүртэл 2015 оны хэлэлцээрт дуулгавартай хандахгүй гэж мэдэгдсэн. Харин АНУ нь Ираныг цөмийн зэвсгийн үйл ажиллагаагаанд оролцохгүй гэсэн хэлэлцээрт тууштай байгаагаа харуулахаас нааш хоригоо султгахгүй гэдэг байна.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Холбоотой мэдээ