Усанд үсрэлтийн эмэгтэйчүүдийн 10 метрийн тавцангийн төрлийн медальтнууд өчигдөр/2021.08.05/ тодорлоо. Хятадын 14 настай тамирчин Кван Хончан алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг мөн тус улсын 15 настай тамирчин Чэн Юши, хүрэл медалийг Австралийн 29 настай тамирчин Мелисса Ву тус тус хүртжээ.
Анхны олимпдоо оролцож, алтан медаль хүртсэн Кван Хончан “Намайг зоригжуулж, тайвшруулж, медаль авах эсэх нь хамаагүй зүгээр чөлөөтэй үзүүлбэрээ үзүүл хэмээн хэлж байсан ээж, аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Би өөрийгөө гоц авьяастан гэж бодохгүй байна. Би хичээлдээ сайн биш л дээ. Хэрэв та надаас шалгалт авбал би хоосон цаас л өгнө шүү” гэжээ.
Хятадын усанд үсрэлтийн спортын түүхэнд хамгийн залуудаа олимпийн алтан медаль авсан тамирчин бол Фу Миншиа. Тэрбээр 1992 онд 13 насандаа Барселонагийн олимпоос алтан медаль авч байв. Харин Кван Хончан түүний араас түүхэнд хоёрт бичигдэх амжилтыг үзүүлжээ.
Мөнгөн медаль хүртсэн Чэ Юши “Миний сэтгэл хөдөлж байна. Гаргасан золиос бүхэн минь эцэст нь ийм зүйл бүтээлээ. Хэдийгээр алтан медаль биш хэдий ч урамтай байна. Медалийн буухиагаа Парист үргэлжлүүлнэ гэж найдаж байна” хэмээн ярив.
Холбоотой мэдээ