Олон улсын олимпийн хорооны зүгээс Беларусийн хоёр дасгалжуулагчийг тамирчнаа эх орон руу нь албадан буцаах гэж оролдсон хэмээн буруутгаж, Токиогийн олимпоос хөөжээ. Артур Шумак, Юрий Моисеевич нарыг өчигдөр/2021.08.05/ тамирчдын хотхоныг орхин явахыг ОУОХ-ноос шаардсан бөгөөд энэхүү хэрэг дээр мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлжээ.
Хэрэг явдлыг эргэн сануулбал, дасгалжуулагч нартайгаа ам мурийсан Беларусийн гүйлтийн тамирчин Кристина Тимановскаяаг албадан нутаг буцаах гэсэн боловч тамирчин бүсгүй Японы цагдаа нарын тусламжтайгаар мултарч, өдгөө Польш улсад нөхрийн хамт орогнож байгаа. Тэгвэл энэхүү хэрэгт гар бие оролцсон хоёр дасгалжуулагч ийнхүү нутаг руугаа буцлаа.
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хүү Викторын удирддаг тус улсын олимпийн хороо өнгөрөгч Лхагва гаригт дээрх болсон хэргийн талаарх тайлангаа ОУОХ-ны сахилгын хороонд ирүүлсэн гэнэ. Александр Лукашенко болон Виктор Лукашенко нарыг тамирчдаа ялгаварлан гадуурхдаг хэмээн буруутгаж, Токиогийн олимпод оролцохыг хориглосон билээ.
Холбоотой мэдээ