30 жилийн түүхтэй Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн байдлаар анх удаа 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Энэхүү өндөр ашигт хувьцаа бондын арилжааны идэвх гол нөлөө үзүүлсэн ба хөрөнгийн зах зээлийн хувьцааны арилжаа 119.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 дахин өндөр үзүүлэлт юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2021 оны эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52.1 хувийн огцом өсөлт үзүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. ТОП 20 индекс өмнөх оны мөн үеэс 107 хувиар өсч, 33509 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээний 75 хувь буюу 2.9 их наяд төгрөгийг бүрдүүлжээ.
Тэгвэл хөрөнгийн биржийн түүхэн амжилтад хамтдаа байлцаж, Улсынхаа хөрөнгийн зах зээлд бодитой хувь нэмэр оруулж буй 50 үнэт цаасны компани ажиллаж байгаагаас зуучилсан хувьцааны арилжааны дүнгээрээ тэргүүн эгнээг Ард Секюритиз 160.4 тэрбум төгрөгийн арилжаа буюу зах зээлийн 64 хувь, Би Ди Сек 19.8 тэрбум төгрөг буюу зах зээлийн 8 хувь, Стандарт Инвестмент ҮЦК 15.4 тэрбум төгрөг буюу зах зээлийн 6 хувь, Голомт Капитал 8.7 тэрбум төгрөг буюу 4 хувь, Бумбат-Алтай 8.4 тэрбум буюу 3 хувийг тус тус эзэлж байна. Анх удаа 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө хүч хавсран зүтгэж буй нийт үнэт цаасны компаниудын хөдөлмөр зүтгэл талаар болсонгүй.
Ийнхүү Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн хөгжил цэцэглэлт эрчээ авч, түүний үрээр ард иргэдэд ашиг өгөөжөө өгч эхэлж буй таатай үйл явдлыг цохон тэмдэглэхгүй байх аргагүй юм. Үүнтэй зэрэгцэн уг зах зээлийг сонирхох иргэдийн тоо ч улам нэмэгдсээр байгаа нь салбарын цаашдын хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Холбоотой мэдээ