Дэлхийн шилдэг залуу сагсан бөмбөгчид Улаанбаатарт чуулна

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг залуу сагсан бөмбөгчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн шилдэг залуу сагсан бөмбөгчид Улаанбаатарт чуулна

Гурав дахь удаагийн FIBA 3×3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Улаанбаатар хотод ирэх аравдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд болно. Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Токиогийн олимпод оролцож, манай улсын түүхэнд багийн спортоор олимпод өрсөлдсөн анхны тохиолдол болсон билээ. Тэгвэл энэхүү түүхэн явдлаас ердөө долоон хоногийн дараа ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах болсон баярт мэдээ гарав.

Токиогийн олимпийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклис нар энэ тал дээр зөвшилцөлд хүрсэн аж.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав “23 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулах гэж буйдаа туйлын бахархаж байна. Энэ нь биднийг цаашдаа томоохон нэр хүндтэй тэмцээнүүдийг зохион байгуулах боломжтой гэдгийг харуулж байна” гэжээ.

Монгол Улсын тухайд өмнө нь 2017 онд FIBA 3×3 Азийн цом, 2019 онд FIBA 3×3 18 хүртэлх насны дэлхийн аваргыг тус тус зохион байгуулж байсан түүхтэй.

FIBA-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загклис “3х3 сагсан бөмбөг шинэ улс орнуудад гялалзах боломж олгодог гэдгийн тод жишээ бол Монгол. Азийн цом, 18 хүртэлх насны дэлхийн аварга болон бусад FIBA 3×3 албан ёсны тэмцээнүүдийг харахад Монгол Улс гайхалтай тэмцээн зохион байгуулагч гэдгээ баталсан” гэжээ.

Ийнхүү 23 хүртэлх насны дэлхийн шилдэг 3х3 сагсан бөмбөгийн багууд Улаанбаатар хотноо чуулах гэж байна. Өмнө нь энэхүү тэмцээн хоёр удаан зохион байгуулагдахад Оросын залуучууд дараалан түрүүлсэн бол эмэгтэй төрлийн анхны аваргаар мөн Орос тодорч, харин 2019 онд Японы бүсгүйчүүд түрүүлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж