Вакцины гуравдугаар тунг хийх эсэх нь иргэдийн сонирхлыг ихэд татаж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг сая 987 мянга 603 иргэн буюу нийт хүн амын 61.1 хувь нь дархлаажуулалтын хоёр тунд хамрагдаад буй. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бүрэн тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэл өндөр байгаа учир гуравдугаар хийж магадгүй гэж мэдээлсэн. Тэгвэл энэ сард Covid-19 эсрэг вакцины гурав дахь тунг хийх эсэх талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.
ДЭМБ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИУД ДЭМЖЭЭГҮЙ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:
-Гурав дахь тунгийн асуудлыг дэлхий нийтээр гэхээс илүүтэй ганц хоёрхон улс орон санал хүргүүлсэн. Тухайлбал, Израиль улс өнгөрсөн долоо хоногоос 60-аас дээш насны иргэдээ нэмэлт тунд хамруулж эхэлсэн. Харин Герман, Британи зэрэг орнууд санал хүргүүлсэн. Монгол Улсын хувьд нийт хүн амын 60 орчим хувь л вакцины хоёр тунг хийлгэсэн байна. Тиймээс энэ сард багтаж гуравдугаар тунг нэмэлтээр хийж эхлэхгүй. Ямартай ч судалгааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Одоогийн байдлаар ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгч компаниудын зүгээс албан ёсоор зарласан зүйл байхгүй. Хүмүүс вакцин хийлгэх юм бол аюулгүй, дархлаа тогтоно гэж ойлгодог. Гэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг сахихгүй бол хэн ч халдвараар өвчилж болохыг батлагдсан тохиолдлууд харуулж байна. Гуравдугаар тунг хийлгэсэн ч халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс тархалтын явц, нөхцөл байдлыг харгалзаж, хүн амын дийлэнх хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсаны дараагаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх байх. Түүнээс олон улсад зөвшөөрсөн зүйл байхгүй байхад Монгол Улс судалгаан дээр тулгуурлаад дур мэдэн нэмэлт тун хийнэ гэж болохгүй шүү дээ. Судалгааны ажил ч ганцхан сарын дотор хийгдэнэ гэж байхгүй. Тэгэхлээр энэ сард нэмэлт тун хийхгүй гэж бодож байна.
ГУРАВДУГААР ТУНГ ЭНЭ САРД ХИЙХГҮЙ
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:
-ДЭМБ-ын хийсэн судалгаагаар вакцин халдвараас 90-95 хувь хамгаалдаг болох нь батлагдсан. Хүний биед хамгаалах буюу дархлааны эс 1-2 тунг хийлгэснээр тогтдог. Одоогоор Монгол Улсад гуравдугаар тунг хийнэ гэсэн зөвшөөрөл, ямар нэгэн захирамж гараагүй байна. Бид нэмэлт тунг хийх боломж, нөхцөл юу байгааг судалж байна. "АстраЗенека" вакцины хоёр тунг хийлгэсэн иргэн дараагийн удаа аль үйлдвэрийн вакцин хийлгэх нь зүйтэй болон гурав дахь тунг хэрэв хийхээр бол иргэд өөрсдийн сонголтоор вакцинаа сонгох боломжтойг судлах ажил үргэлжилж байна. Зарим улсад гуравдугаар тунг өөрийн хүсэлтээр хийлгэж эхлээд байгаа. Халдварын тархалт, нийтийн дархлаа зэргийг харгалзаж зорилтот бүлгийнхэнд гол төлөв нэмэлт тунг хийж байна. Монголд ч мөн ялгаагүй хийж эхлэх бол 60-аас дээш насныханд хийж магадгүй. Наймдугаар сард гуравдугаар тунг хийж эхлүүлэх ажил хугацааны хувьд хойшлоод байгаа.
Мөн УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс гуравдугаар тунд ач холбогдол өгч байгааг асуухад хүн амын дунд тархаж байгаа халдварын явцыг харвал иргэдийн дархлаажуулалтын идэвх орон нутагт бага байгаатай холбоотой харагдаж байна. Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг гуравдугаар тунг хийж эхэлсэн учраас эрдэмтдийн зөвлөлөөс судалгааны ажлуудыг хийж байгаа. Эхний ээлжинд нэмэлт тунгийн ач холбогдол, үр дүнг ажиглаж, түүний дараагаар хэдээс хэдэн насны хүмүүсийг аль үйлдвэрийн вакцинаар дархлаажуулах эсэх нь тодорхой болно. Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөлөөс харж байгаагаар дэлхийн зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд зөвшөөрвөл Монгол Улс сүргийн дархлаа үүсгэхийн тулд гуравдугаар тунг хийж эхлэх нь тодорхой. Харин цаг хугацааны хувьд хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ