Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэж, худалдан авалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэж, худалдан авалт буурчээ

Цар тахлын улмаас хоёр жил хичээл сургуульгүй өнжсөн хүүхдүүд  ирэх есдүгээр сарын 1-нийг хоног тоолон хүлээж байна. Энэ хичээлийн жилд салбар яамнаас тав хоног цахимаар, тав хоног танхимаар хичээллэх шийдвэр гаргасан. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлтгэх шаардлага эцэг эхчүүдэд тулгардаг. Тухайлбал, олон хүүхэдтэй айл өрхөд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангана гэдэг “амаргүй даваа” байдаг. Тэр тусмаа эдийн засаг хямралтай, цар тахал нүүрлэсэн байгаа энэ цаг үед хүмүүсийн худалдан авах чадамж эрс буурсан нь нууц биш. Иймээс хичээлийн хэрэгслийн үнэ ханш болон, иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг сурвалжиллаа.

АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ ӨССӨН УЧРААС ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГА БАЙСАНГҮЙ

Цар тахлаас улбаалсан эдийн засгийн хямрал, Эрээн дэх ачаа барааны бөөгнөрлөөс үүдэн хичээлийн хэрэгслийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Тодруулбал “Нарантуул” олон улсын худалдааны төвд нэг ширхэг дэвтэр дунджаар 200-1450 төгрөг байна. Харин урд хөршөөс орж ирдэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ 40-70 мянгын хооронд хэлбэлзэж байна. Биднийг очиход хичээлийн хэрэглэл худалдаалдаг лангуунууд худалдан авагч муутай байв. Харин форм, цагаан цамцны тасаг ганц, нэг худалдан авагчтай байлаа.  Худалдаа эрхлэгчдийн зүгээс ачаа тээвэр, бензиний үнэ нэмэгдсэн учраас жижиглэн бүтээгдэхүүний үнийг нэмэхээр өөр арга байсангүй гэв.

Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэж, худалдан авалт буурчээ

Хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэж, худалдан авалт буурчээ

Posted by News.mn on Thursday, August 5, 2021

Ц.Отгон: Бараа муу орж ирж байна. Хамгийн багадаа 14 хоногт бараа орж ирж байна. Өнгөрсөн жилүүдэд найман сар гаргаад хүмүүс хичээлийн бэлтгэлээ хангадаг байсан бол энэ жил хүн цөөнтэй байна. Үнийн хувьд огцом нэмэгдсэн зүйлгүй. Нэг хүүхдийн бэлтгэлийг хангахад 150-200 мянган төгрөг зарцуулдаг. Өчигдөр шийд гарснаас хойш хөдөлгөөн нэмэгдсэн.

Т.Нэргүй: Бид нар бараагаа заримыг нь дотроосоо, заримыг нь Хятадаас захина. Энэ жил барааны нийлүүлэлт муу байна. Олигтой наймаа хийж амжаагүй байна. Өчигдрөөс хичээл орно гэсэн шийдвэр гарснаас хойш хүний хөдөлгөөн бага зэрэг нэмэгдлээ. Дунджаар  50-70 мянгыг нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд эцэг, эхчүүд зарцуулдаг.

Т.Долгорсүрэн: Сайн материалтай цамц 18 мянгатай байна.  Манайх дотоодын үйлдвэрийн форм зардаг. Үнэ нь 40-70 мянгын хооронд байна. Ер нь хүмүүсийн худалдан авалт тааруу. Ганц нэг, цамц зангиа авч байна. Ихэнх нь өмнөх жилийн формоо өмсөнө гэж байна лээ. Нэгдүгээр ангид орох хүүхэд иж бүрэн форм авч байна.

Т.Энхцэцэг: Худалдан авалт тааруу байна. Ачаа, юанийн үнэ нэмэгдсэн. Нэг ачаа 250 мянгаар ирж байна. Формын үнэ нэмэгдээгүй байна. Бага ангийн форм 35-40 мянга, дунд анги 55 мянга, ахлах ангийн форм 65-70 хооронд байна. Нарантуул дээр зарагдаж буй форм урд хөршөөс орж ирдэг. Одоохондоо худалдан авалт жигдрээгүй байна. Ачаа тээврийн үнэ нэмэгдсэн учраас цамц дээрээ яалт ч үгүй 2000 төгрөг нэмсэн. Нэг ачаа дор хаяж арав хонож ирж байна. Тэгэхээр бид есдүгээр сарын 1-ныг хүртэл зарахад тэр их бараагаа зарж чадах уу. Юань өнгөрсөн жил 440 байсан бол одоо 450 болчихсон. Бидний хувьд алдагдалтай ажиллаж байгаа. Өвлийн бараагаа ч зарж амжаагүй хавартаа золголоо.

Э.Анхбаяр: Бид өмнө нь жижиг ачааг 70 юаниар оруулдаг байсан. Энэ жил 220 юань хүрчихсэн байна. Урдаас оруулж ирж буй форм 40-70 мянган төгрөг байна. Форм дээр 5000-10000 мянган төгрөг, цамц дээр 2000 төгрөг нэмсэн.

Харин “Бүтээлч үйлс” ХК-ийн формыг худалдаалж байсан борлуулагчид “Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад худалдан авалт бага байна. Ганц нэгээр нь салгаж авах эсвэл цэнхэр цамцаа голчлон авах зэрэг нь ажиглагдаж байна. Багцаар нь гэвэл нэгдүгээр ангид шинээр орох гэж байгаа хүүхдүүд л багцаар нь авч байна. Үнийн хувьд ахлах ангийн эрэгтэй форм комоороо 153 мянган төгрөг, эмэгтэй нь 138 мянга, дунд ангийн эмэгтэй 108 мянга, эрэгтэй нь 112 мянга, бага ангийн эрэгтэй нь 91 мянга, эмэгтэй форм нь 70 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

ДЭВТЭР, ЖИЖИГЛЭНГИЙН БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

Иргэдийн зүгээс энэ жил хичээл цахим, танхимын алинаар нь ч орсон бай сургуулийн удирдлагууд сурагчдаас дүрэмт хувцас, хоёр гурван төрлийн цамц битгий нэхээсэй гэв. Тэд шинэ форм авах мөнгөөрөө хүүхдүүдээ амны хаалт, дархлаа дэмжих витамин ахиухан авч өгмөөр байгаа гэдгээ уламжлав. Мөн зарим нь өнгөрсөн жил авч өгсөн хувцас багадчихсан учраас энэ жил дахиад форм, хичээлийн хэрэглэл авч байгаа гэдгээ хэллээ.

А.Анарзоригт: Дэвтрийн үнэ нэмэгдсэн байна. Жишээ нь 24 хуудастай дэвтэр 450 төгрөг болсон байна. Өмнө нь 350 төгрөг байсан.  Манайх ам бүл дөрвүүлээ. Ар гэрийн боломждоо тааруулаад хичээлийн бэлтгэлээ 100-200 мянган төгрөгт багтаадаг. Нийт сая төгрөг зарцуулдаг даа. Аав ээжийн нэг сарын цалин тэр чигтээ хичээлийн бэлтгэлд зарцуулагддаг шүү.

А.Даваасүрэн: Хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг цуглуулаад явж байна. Бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ маш их нэмэгдсэн байна. Иргэд ажил, амьдралаа яаж ийгээд болгож байгаа ч үнийн өсөлтөд дарлуулж байна. Хүүхэд яг ийм бүтээгдэхүүн авна гэсний дагуу наймаачид үнийг нь нэмчхэж байгаа юм. Арай нэг гайгүй материалтай цүнх авахад 100 мянган төгрөг байна. Нийтдээ хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд 500 мянган төгрөг зарцуулагдах юм байна. Хичээл тав хоног онлайнаар, тав хоног цахимаар орох нь буруу. Тэр бол үр дүн муутай байх. Тиймээс нэг эхэлсэн бол танхимаар хичээл орох хэрэгтэй. Тэгж байж цогц мэдлэг авна. Хичээл эхлээд дахин хөл хоривол дахиад л иргэд хохирно.

А.Батцэцэг: Хичээлийн хэрэглэлийн үнэ нэлээн нэмэгдсэн байна. Хоёр жил сургууль ороогүй гэсэн шиг нэмжээ. Цамц гэхэд  5000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өмд, цамц авахад нийлээд 40 мянган төгрөг, зангиа формтой нийлээд 100 мянга гарч байна. Ноднин 15 мянгаар цамц авч байсан бол энэ жил 18 мянгаар, гайгүй материалтай нь 20 мянга  болсон байна.

СУРАГЧДЫГ ДҮРЭМТ ХУВЦАС ӨМС ГЭЖ ШАХАХГҮЙ

Салбар яамнаас энэ хичээлийн жил сурагчдыг цагаан цамцаар жигдрэх уриалгыг өгч байна. Тухайлбал, олон хүүхэдтэй айл өрхөд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангахад эдийн засаг, талаасаа хүндхэн тусдаг. Иймээс эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед эцэг эхчүүдээ бодолцож, заавал сурагчийн дүрэмт хувцас гэхгүй боломжоороо өмсөхийг уриалж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж