"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор карьер коуч бүсгүйг онцолж байна. Түүнийг Ц.Найрамдал гэдэг. Тэрбээр одоо Герман улсад хоёр дахь мастертаа суралцаж буй. Коуч бүсгүй “Ажил мэргэжилтэй холбоотой ур чадвараа сайжруулах сургалтад байнга суудаг. Энэ ажил миний хобби юм. Мэргэшүүлсэн сургалтад гаргадаг цаг, энерги, мөнгийг минь хүн сонсвол гайхах талтай. Гэхдээ ийм байж илүү сайн коуч болдог гэдгийг гадны олон коуч нараас олж харсан” хэмээн ярьсан юм.
ЦООДОЛЫН НАЙРАМДАЛ /1982.10.05/
Төгссөн сургууль:
Нийслэлийн Багануур дүүрэг Боловсрол цогцолбор
ШУТИС, Компьютерийн техник менежментийн сургууль
Мэргэжил:
Хүний нөөц, бизнесийн удирдлагын магистр
Одоо эрхэлж буй ажил:
Карьер коуч
Сошиал хуудас:
Карьер Коуч Ц.Найрамдал /фэйсбүүк/
сcnairamdal /инстаграм/
ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАГАА ЭХЭЛЬЕ?
-Аав минь уул уурхайн салбарт, ээж минь худалдааны салбарт ажил эрхэлдэг жирийн нэг айлд өсч хүмүүжсэн. Айлын том охин учраас хичээлдээ их анхаардаг, олимпиадад их оролцдог хүүхэд байсан. Ээж, аавынхаа хөдөлмөрч занг харж өссөн болохоор тэднээсээ л үлгэр дууриалал авдаг байсан.
АНХНЫ АМЖИЛТ
-Мэргэжлээ хэний ч ятгалгүйгээр өөрөө зөв сонгосон гэж боддог. Одоогийн хийж буй ажил маань суурь мэргэжилтэй минь их холбоотой болохоор би тэрийг хамгийн анхны амжилт гэж тооцно.
ТАНЫ ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ НЬ МОНГОЛД ТӨДИЙЛӨН БАЙДАГГҮЙ. ЭНЭ АЖЛЫГ ОНЦЛОГ, МӨН ТА ЯАГААД ХИЙХ БОЛСОН ТАЛААР ЯРИХГҮЙ ЮУ?
-Хэд хэдэн шалтгаанаар энэ ажлыг хийдэг. Хүн тэр бүр өөрт тохирох ажил, карьерийн замаа зөв сонгодоггүй. Өөрөөр хэлбэл, өөрийн өгөгдлөө таньж мэдээгүй байдгийг олон хүний амьдралаас олж харсан учраас тэдэнд туслахыг хүссэн. Мөн хүний амьдралын мөчлөгт өгсөх, уруудах үе байдаг. Тэр уруудлын үеийг эсхүл гацалтын үеийг тэр бүр хүн ганцаараа даваад туулна гэдэг хэцүү. Тэдгээр хүмүүст хүч өгөхөд, гарцаа олоход тусалдаг хүн нь коуч гэдгийг судалсхны үндсэн дээр сонгосон. Мөн өөрөө мэдээж энэ ажилдаа маш их дуртай учраас хийдэг.
Коуч нь консалтинг, лектор, сэтгэл зүйгээр дагнаж ажилладаг хүмүүсээс арай ондоо ялгаатай байдаг. Монголд энэ мэргэжлийг холиод байгаа юм уу гэж анзаарагдсан. Бүх зүйлийг давах хүч хүнд зөвхөн өөрт нь буюу дотоод ухамсарт нь байдаг. Тэр хүчийг өөрөөр нь гаргаж ирэн зорилго руу нь хөтлөхөд коуч тусалдаг.
ГЕРМАНД ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ МОНГОЛД ЯМАР АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙВ?
-Хас банкинд хүний нөөцийн хэлтэст ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд нь салбарын захирлаар ажилласан. 30 насандаа сурч мэдэх хүсэл зорилгодоо хөтлөгдөөд Германд гэр бүлийн хамт ирсэн.
АМБИЦЫГ ТА ЮУ ГЭЖ БОДДОГ ВЭ?
-Хоёр талтай. Зөв ашиглавал эрдэнэ болно. Буруу ашиглавал уруудна. Зорилготой байна, хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэдэг чинь амбиц мөн үү гэвэл мөн. Дотоод дуу хоолойгоо сонсоно, түүнийхээ төлөө явна гэдэг бол амбицын нэг хэлбэр л дээ. Харин ингэж явах замдаа бусдыг буруугаар ашиглах, амиа бодох, зөрчилдөөн сөргөлдөөн үүсгээд эхэлбэл энэ бол уруудал.
ХҮМҮҮСИЙН КОУЧИД ХАНДДАГ ТҮГЭЭМЭЛ АСУУДЛУУД
-Өөрт тохирсон ажил чиглэлээ олоогүй, ажил амьдралын балансаа хэрхэн зөв авч явахаа сайн мэдэхгүй байх, өөрчлөлт хийх гээд юунаас эхлэхээ мэдэхгүй байх, эсхүл сонголт хувилбарууд бий хэдий ч шийдвэр гаргаж чадахгүй байгаа, ямар нэгэн юм эхлүүлсэн байлаа гэхэд бүдэрсэн, өөртөө болон бусдад итгэлгүй болсон, сэтгэл санаа амар тайван биш байгаа гэх мэт. Миний пэйж хуудас дээр энэ талаар дэлгэрэнгүй байгаа.
ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?
-Ном уншина, дуу сонсоно, гэр бүлтэйгээ, найзуудтайгаа цагийг өнгөрүүлнэ. Гадаа гүйх үедээ гүйчдэг. Холын зайн алхалт хийнэ, аялна. Ажил мэргэжилтэй холбоотой ур чадвараа сайжруулах сургалтад бол байнга сууна шүү дээ.
Энэ ажил миний хобби юм. Мэргэшүүлсэн сургалтад гаргадаг цаг, энерги, мөнгийг минь хүн сонсвол гайхах талтай. Гэхдээ ийм байж илүү сайн коуч болдог гэдгийг гадны олон коуч нараас олж харсан.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Карьер коучынхаа чиглэлийг нэмж өргөжүүлж байгаа, арт терапист, энтрепренер коуч болох гээд өөр хийх олон ажил бий. Одоо Герман улсын их сургуульд хоёр дахь мастертаа сурч байгаа.
ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ
-Аль болох олон хүнийг хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь чиглүүлэх, сэтгэл хангалуун амьдралаа өөрөө бүтээхэд нь хувь нэмэр оруулах хүсэлтэй.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
-Фэйсбүүк пэйж хуудас минь тэр чигээрээ зөвлөгөө тул маш товчхон л зөвлөгөө өгье. Залуу насанд хүн өөрийгөө бусадтай харьцуулах, өөрийгөө голох мэдрэмжинд автах талтай байдаг.
Тиймээс аль болох өөрийгөө бусадтай бүү харьцуул. Өөрийнхөө бүтээсэн босгосон бүхнээ үнэлж, хүсэл мөрөөдөл зорилгоо олж таниад өөртөө итгэлтэйгээр түүнийхээ төлөө тууштай яваарай.
Холбоотой мэдээ