Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн эрх үүргийн хүрээнд улс төрийн хилс хэргээр буруутгагдан шүүхээс ял шийтгэл хүлээж, ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр ангид хоригдож байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд уулчлал үзүүлэх зарлигийг өнөөдөр /2021.08.05/ гаргасан байна.
Түүнийг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа террорист үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж прокуророос буруутгасан боловч шүүх хэргийг нь нотлож чадаагүй тул албан хэрэгцээнд унаж байсан хуучин авто машины хэрэг тохоод 4 жил 6 сарын ял оноосон юм.
Энэ хэрэг дээр ажилласан шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлтэд “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй болохыг урьдчилан дурьдах нь зүйтэй” гэсэн байдаг. М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцээгүй, Засгийн газраас төслөө эргүүлсэн татсан. Төсөл хэрэгжсэн бол Монголын эдийн засагт дор хаяж 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд орж ирэх байлаа.
М.Энхсайханыг хэргийг шүүсэн шүүгч З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт секс скандалын дуулианд нэр холбогдож, мөн дансаараа өмгөөлөгчөө мөнгө авч байсан нь баригдсан. Тэгвэл М.Энхсайханы хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат нь өмгөөлөгч Б.Баасанцогттой албан бус уулзалт хийж байсан зураг хөрөг ч цацагдсан юм. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасанцогтын компьютерээс улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн хэрэгт холбоотой баримт, нотолгоо ч олдсон.Б.Баасанцогт нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Тамгын газарт нь ажилладаг болох нь тогтоогдсон билээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдаан дээр "Төрийн ордны гурван давхраас шүүгч, прокуроруудад захиалга өгч бусдыг хилсээр ялладаг" тухай мэдээлсэн юм.
М.Энхсайханыг улс хилс хэргээр ял шийтгэл хүлээсэн болохыг хуульчид, улстөрчид ярьдаг, хэлдэг. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас Тавантолгойн цахилгаан станцын төслийн ажлын албанд зориулж, 160 сая төгрөгөөр машин авах мөнгө төсөвлөснийг М.Энхсайхан 30 саяар хэмнэж, 130 саяар Lexus 570 маркийн авто машин худалдаж авсан байдаг. Гэтэл улсын яллагчид долоон жилийн дараа эдэлгээ, хорогдлыг нь тооцолгүйгээр, 75 сая төгрөгийн автомашиныг 130 саяар авч улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган ял өгсөн нь улс төрийн зорилготой байсныг МАН-ынхан ч, АН-ынхан ч хүлээн зөвшөөрдөг.
М.Энхсайханыг хилс хэргээр ялласандаа гэмшсэн үү, өнгөрсөн зургадугаар сард экс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд уучлалт үзүүлэхийг хүссэн ч хүлээж аваагүй байдаг. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний Тамгын газрын дарга Я.Содбаатар нар ардчилсан Монгол Улсад бий болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоож, өнгөрсөн дөрвөн жилийн алдаа завхралыг арилгахад анхаарал хандуулж байгаа бололтой.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ