Талхны бослого ба Египетийн улс төр

Хуучирсан мэдээ: 2021.08.06-нд нийтлэгдсэн

Талхны бослого ба Египетийн улс төр

Талхны бослого ба Египетийн улс төр

Египетийн засгийн газраас үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд сүүлийн 20-30 жилийн турш талхны үнийг барьсаар иржээ. Тэгвэл талхны үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээ Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси амлажээ. Египетэд 20 орчим төрлийн талхны үнийг төрөөс барьдаг бөгөөд нэг талх нэг египетийн фунт /ойролцоогоор 0.064 ам.доллар/ үнэтэй байдаг аж. Гэтэл ердийн талхны зүсэм нь л зах зээлд нэг фунтаар зарагддаг байна.

Энэ нь Египетийн эдийн засгийг сэргээхийн тулд засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүдийн нэг аж. Талхны үнийг хэзээнээс, хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байна. Талхны үнийг нэмэгдүүлснээр сурагчдын өдрийн хоолны зардлыг гаргахад нэмэр болно гэж засгийн газраас үзжээ. Египетийн засгийн газраас мэдээлснээр сурагчдын өдрийн хоолны зардлыг гаргахад 8 тэрбум египетийн фунт буюу ойролцоогоор 509 сая гаруй ам.доллар шаардлагатай аж.

Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси энэ долоо хоногийн эхээр Ниль Дельта муж дахь хүнсний үйлдвэрийн цогцолборын нээлтийн үеэр талхны үнийг нэмэх тухай мэдэгджээ. Тус үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орсноор орон даяар 13 сая сурагчийн өдрийн хоолыг үйлдвэрлэх боломжтой аж. Абдель Фаттах эль-Сиси хэлэхдээ “Нэг хайрцаг тамхины үнэ 20 ширхэг талхтай тэнцүү байна гэдэг бол байж боломгүй зүйл. Засгийн газраас сүүлийн 20-30 жил талхны үнийг барьж ирлээ. Энэ хэвээрээ цаашид үргэлжлэх боломжгүй. Би хар толгойгоороо хариуцаж, үүнийг өөрчилнө” хэмээн мэдэгджээ.

Өмнө нь Египетийн засгийн газраас татварын хөтөлбөрийг шинэчлэхээр оролдсон боловч сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарснаар удааширсан байв. Ялангуяа, талхны үнэд нөлөөлөх асуудал ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг байна. Тухайлбал, 1977 онд олон арван мянган египетчүүд тухайн үеийн ерөнхийлөгч Анвар Садатын хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн жагсан тэмцсэн бөгөөд түүхэнд “Талхны бослого” гэх нэрээр тэмдэглэгдэн үлджээ.

Абдель Фаттах эль-Сиси талхны үнийг нэмэгдүүлэхийн сацуу яамдуудын төсвийг танах асуудал давхар яригдаж байна. Гэхдээ яамдуудын төсвийг хэдэн хувиар танах нь мөн л тодорхойгүй байна. Олон улсын валютын сангаас авсан зээлийн гэрээний шаардлагын дагуу Египетийн засгийн газраас тус улсын мөнгөн тэмдэгтийн ханшийн хэлбэлзлийг тодорхойлдог шатахууны татварыг өөрчилж, бусад гол бүтээгдэхүүнд нэмүү өртгийн татвар тогтоох зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Египетийн засгийн газрын авч хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлого нь эдийн засагчид болон бизнес эрхлэгчдэд сайшаагдсан бөгөөд бага, дунд орлоготой иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх үр дүнтэй гэж дүгнэжээ.

Нөгөө талаар Египетийн засгийн газар нь шүүмжлэгчдийг хүчээр дарсан учир эсэргүүцэгчдийн дуу суларсан гэж үзэж байна. Тухайлбал, Египетэд өнгөрсөн онд засгийн газрын эсрэг нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр олон мянган хүнийг баривчлан хорьжээ. Түүнчлэн хараат бусаар санал асуулга явуулахыг хориглосон байна. Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси дэвшилтэт технологийн орон сууцны цогцолбор барих, шинэ нийслэл байгуулах, цөлд казино барих зэрэг том төслүүдэд илүүтэй анхаарч ажиллаж байна. Түүний засгийн газрын алсын зорилго нь 2011 оны “Арабын хавар” бослогоос хойш сүйрсэн эдийн засгаа сэргээж, гадаадын хөрөнгө оруулалт, жуулчдыг эргүүлэн татахад чиглэгджээ.

“Freedom House” байгууллагаас тодорхойлсноор Египетийн эдийн засгийн хүнд асуудлуудын шалтгаан нь авилгал, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, терроризм юм. Инфляци, хүнсний хомсдол, үнийн өсөлт, эрчим хүчний татаас буурсан зэрэг нь нийт хүн амд хохирол учруулдаг аж. Египетийн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2016 онд Олон улсын валютын сангаас 1.25 тэрбум ам.долларын зээлийг авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж