Токиогийн олимпийн чөлөөт бөхийн тэмцээнүүд өнөөдөр/2021.08.05/ үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 125 кг, эмэгтэйчүүдийн 53 кг-ийн барилдаанууд болж буй бөгөөд Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар эх орноо төлөөлөн оролцож байна.
М.Лхагвагэрэл эхний барилдаанаа Беларусийн Дзианис Храмянковын эсрэг хийж, 8:4-өөр, шөвгийн наймын барилдаанаа Германы Геннади Гудиновичийн эсрэг хийж, 6:5-аар тус тус ялж, хагас шигшээд шалгарав. Тэрээр хагас шигшээ шатанд АНУ-ын тамирчин Габле Стивсонтой учраа таарсан.
Габле Стивсон нь 2017 онд залуучуудын дэлхийн аварга, 2021 онд Пан Америкийн аварга тус тус болжээ.
Б.Болортуяа шөвгийн 16-д Гуамын Ркаела Мари Рамос Аквиног 4:0-ээр, шөвгийн наймд Экуадорын Луиса Валвердег 15:5-аар тус тус ялж, хагас шигшээд шалгараад байна. Түүний хагас шигшээн өрсөлдөгч нь дэлхийн хошой аварга Японы Маюү Мүкаида.
М.Лхагвагэрэл, Б.Болортуяа нар ялалт байгуулвал мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө барилдах болно.
Хамгийн сүүлд 2012 оны Лондонгийн олимпоос Монголчууд чөлөөт бөхийн төрөлд медаль хүртэж байсан түүхтэй. Монголын чөлөөт бөхийн олимпийн медаль есөн жил тасраад байна.
Холбоотой мэдээ