Л.Болд: Биднийг ахмад үеийн вагончид сургаж хүмүүжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Л.Болд: Биднийг ахмад үеийн вагончид сургаж хүмүүжүүлсэн

Л.Болд: Биднийг ахмад үеийн вагончид сургаж хүмүүжүүлсэн

Манай улсын хөгжилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Хэдхэн хоногийн өмнө тус хамт олон төмөр замчдын баяраа тэмдэглэсэн. Баярынх нь үеэр Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны дарга Ламжавын Болдтой ярилцсанаа хүргэж байна. 


-Танд Монгол Улсын Гавьяат тээвэрчин гэх эрхэм хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе! Вагончдоос энэ шагналыг хүртсэн анхны хүн та боллоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

– Баярлалаа.Вагоны аж ахуй төмөр замын тээврийн анхдагч чухал салбарын нэг. Вагоны аж ахуйгаас анхны гавьяатын эрхэм хүндтэй шагналыг надад олгосонд баяртай.

-Тантай эрхэлж буй ажил, албанаас тань гадна хувь хүн талаас чинь ярилцмаар байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний төрсөн газар Завхан аймгийн төв Улиастай хот. Миний аав Ч.Ламжав энэ нутгийн Алдархаан сумын хүн. Ээж Д.Ханджав Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат. Бид ах дүү наймуулаа би айлын бага хүү. Нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. Намайг дөрвөн настайд манайх Дархан руу шилжсэн. Тэр үед Дарханд ЗХУ-ын хөрөнгөөр талх, чихэр, сүүний том үйлдвэр баригдаж, баруун аймгаас ажилчид авсан юм билээ. 1969 оны намар Ховд, Увс, Завханы 50 гаруй айл нүүн ирж, үйлдвэрийн арын дэнжид томоо хашаанд хаяа хаяагаа дэрлэн гэрээ барьцгаан өвөлжиж байв. Тэр үед Дархан хот жар орчим мянган хүн амтай, түүний 15 мянга орчим нь социалист орнуудын мэргэжилтнүүд байсан. Шинэ соёлтой сайхан хотод хүүхэд нас маань өнгөрсөн. Орос клуб, соёлын ордон, “Найрамдал” кино театрт гарах шинэ кино бүрийг үзнэ. Ялангуяа, орос клубт гадаадын шинэ кино гарна. Сургуулийнхаа сагс, хөнгөн атлетик, Дархан хотын спорт хорооны бөхийн секцэнд явна. Манай сургууль Зөвлөлтийн мэргэжилтний IV сургуультай щефийн харилцаатай жил жилийн намар хамтарсан урлагийн тоглолт хийдэг байлаа. Гадаадын мэргэжилтний гурван хороолол байх. Манай хорооны урдхан мэргэжилтний нийтийн байртай томоохон хороолол байсан. Хүүхдүүд орос хүүхдүүдтэй өвөл нь хоккей, зун нь хөлбөмбөг тоглодог байлаа. Ер нь, хүүхэд нас уйдах завгүй өнгөрсөн.

-Та  төмөр замын мэргэжлийг яагаад  сонгов?

-Дархан хотын V бага сургуульд 1973 онд нэгдүгээр ангид орсон. Дөрөвдүгээр ангиасаа арван жилийн I сургуульд шилжин сурч төгссөн. 1981 онд манай сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээх болж Дархан хотын бүх сургуулиас математикт сайн хүүхдүүдийг шалган авсан. Ингэж бие биенээ танихгүй охид хөвгүүд нэг анги болж байлаа. Манай анги 11 хүү, 23 охинтой. Ангийн багш Д.Амгалан гэж сургуулийн шилдэг залуу математикч багш байв. Биднээс арав гаруй насаар ах санаачилгатай спорт, урлагийн авьяастай, хүүхдийн хүсэл сонирхлыг мэдэрдэг сайн багш. Манай ангийн хичээл өглөө 07.00 цагт эхэлнэ. Багш өөрөө орос хэл, математик, геометрийн хичээл орос номноос заана. Хүүхдүүдийг сурлага, урлаг, спорт, ариун цэвэр, өмч хамгаалалт гэж таван группт хуваарилан  хариуцах ажлыг тодорхойлж, амжилт гаргах арга барилд сургадаг гайхалтай багш. Багш маань 2007 онд Гавьяат багш болсон доо. Сүүлийн жилүүдэд Дархан хотын боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо бизнес эрхлээд энх тунх гялалзаж яваа. Бид жил бүр багштайгаа уулздаг. Манай анги 1982 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн /МХЗЭ/ Төв хорооны шилдэг үүр өргөмжлөл, мөн Монгол хэлний улсын олимпиадад ангиараа түрүүлсэн бахдам амжилт гаргаж байв. Одоо УБТЗ-ын Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны Д.Мөнхжаргал эвлэлийн үүрийн дарга, би ангийн дарга байв. 1983 оны улсын математикийн олимпиадад манай ангиас есөн хүүхэд оролцож, Х.Мейрбан, Т.Буянбат нар маань III байрт шалгарч байв. Тэгэхэд Сэлэнгээс одоогийн Вагон ашиглалтын депогийн ерөнхий инженер С.Бэхбаатар, Эрдэнэтээс Замын албаны Б.Зоригтсайхан нар оролцож байсан. Тэр үед нүүр хагаран танилцсан бид өдий хүртэл төмөр замдаа мөр зэрэгцэн ажиллах учиртай байж. Дархан депогийн даргаар ажиллаж байсан Д.Хишигбаяр бид арван жилийн нэг анги л даа. Манай төмөр замчид андахгүйдээ, түүнийг маань. Түүний аав Дамдинсүрэн гэж манай бүх ах эгч нарт багшилж байсан сайхан хүн. Арав төгсөөд хуваарь ирсэн тэр өдөр Хишгээ бид хоёрыг Данигай багш дуудаад “За хүүхдүүд минь төмөр зам сайхан газар, гурван хуваарь ирсэн. Хишгээ чи локомотив, Болд вагоны  хуваарийг ав гээд л… Бид хоёр хэлснээр нь хуваариа сонгоод элсэлтийн шалгалтаа өгсөн юм. Сайн багшийнхаа ачаар амьдралаа төмөр замтай холбож учирч дээ гэж боддог. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь элбэрэлт аав ээж, ачлалт ах, эгч дүүс, эрдэмтэн багш нар, сайн хүмүүс, ажилсаг хамт олны маань ач гавьяа даа.

-Оюутан ахуй үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу? Тантай хамт нэг үеийн оюутнуудаас одоо ямар хүмүүс төмөр замын салбарт мөр зэрэгцэн ажиллаж байна вэ?

-Оюутны он жилүүд хамгийн дурсамжтай сайхан үе. Би Москва хотын тээврийн дээд сургуульд /МИИТа/ 1983 онд элсэн, тэр жил бид хориулаа очиж байв. Мэргэжлээс шалтгаалан оюутнууд таван оюутны байранд хуваарилагдав. Манай зүтгүүр, вагон, энерго-механикийнхан нэг, цахилгааныхан хоёр, эдийн засгийнхан тав, зам барилга, ашиглалтынхан зургаа, долдугаар байранд амьдардаг байв. Очсон өдрөөсөө л шинэ  гурван орос оюутантай хамт Зорчигч тээврийн албаны инженер Д.Цогтгэрэл бид хоёр нэг өрөөнд амьдарч эхэлсэн. Цуг очсон хүүхдүүдээс ихэнх нь төмөр замдаа бий. Д.Цогтгэрэл, Тээвэр зохион байгуулалтын албаны Л.Сурмаа, Б.Бадмаарагчулуун, Д.Отгонбаяр, С.Цогтсайхан, Баянтүмэнгийн П.Түвшинжаргал Замын аж ахуйн албаны инженер Д.Баярмаа гээд найзуудтайгаа цуг ажиллаж байна.

Москвад суралцдаг монгол оюутны урлагийн үзлэг, спартакиад жил бүр болно. Сагс, волейболын тэмцээнд манай байрнаас Б.Мөнхбаяр, С.Батдорж, Б.Буян-Өлзий, зургаа, долдугаар байрнаас Ц.Тулгаа, С.Цогтсайхан бид “МИИТа” баг болж тоглодогсон. Урлагийн үзлэгт одоо Парист байгаа Л.Одхүү, Варшавт ТЗХАБ-д ажиллаж байгаа Д.Алтанхуяг бид гитартай дуулж хуурданаа, бас.

-Төмөр замчид оюутан ахуй үедээ нөхөрлөөд, насан туршдаа мөр зэрэгцэн ажилладаг сайхан хүмүүс юмаа даа.

-Тийм шүү. Цуг нэг чиглэлээр суралцаж төгссөн оюутнууд бүхий л амьдралын туршид хамт ажиллаж, амьдарцгаадаг юм байна. Нэгэн насны нөхөрлөл юм даа. Манай залуу төгсөгчид Баяржаргал, Уянга, Сүхчулуун, Ууганаа нар “МИИТа төгсөгчдийн холбоо” гээд төрийн бус байгууллага байгуулаад бид жил бүр шинэ жилээ хамтдаа тэмдэглэж, зун нь аяллаар явцгааж байна. Энэ холбооны анхны тэргүүнээр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсан маань ажиллаж байсан.

-Таны ажлын гараа хаанаас эхлэв. Сэтгэлд тод үлдсэн дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Дээд сургуулиа 1988 онд төгсөж, есдүгээр сарын 26-нд Зүүнхараад очиж байснаа тодхон санаж байна. Тэр өдөр Улаанбаатар-Зүүнхараагийн 271 дүгээр галт тэргэнд сууж, Зүүнхараад буухад намрын сайхан налгар тос даасан өдөр байсансан. Тийм сайхан өдөр ховор юм шиг санагддаг. Вагон депогийн харьяа Зүүнхараа техник үзлэгийн газарт /ТҮГ/ III зэрэгтэй вагон үзэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед ТҮГ-ын даргаар Ц.Энэбиш гуай ажиллаж байв. Хагас жил гаран вагон үзэгч, депогийн гуравдугаар цехэд засварчин зэргээр дараа нь Дархан, Салхитын ТҮГ-д ажиллаж байтал вагон депогийн техник хэлтсийн даргаар 1989 оны гуравдугаар сард томилогдсон. Зүүнхараа зангилааны ҮЭ-ийн хороон дарга Цэвээн гуай намайг дуудаад “За шинэ инженер ажил сайн биз дээ” гэж асуунгаа “Чамайг зангилааны тэргүүлэгчээр ажиллуулна” гээд сонгочихов. Бас болоогүй ээ тэргүүлэгчид нь ямар нэгэн чиглэл хариуцна. Надад шинжлэх ухаан, технологи хариуцуулж, холбооны Н.Адъяа улс төр, хүмүүжил гэхчилэн есөн тэргүүлэгчид нэг нэг асуудал хариуцуулав. Тэргүүлэгчид нь ажиллаж байгаа байгууллагаасаа долоо хоног бүр ажилчдын лекцийг хариуцан зохион байгуулна. Лекцэн дээр Н.Адъяа бид хэд хариуцсан чиглэлээрээ мэдээлэл хийнэ. Манай Н.Адъяа монгол дээл өмсөөд энгэртээ сумтай үзгээ зүүгээд ухуулагч шиг ирдэгсэн. Лекцний дараа урлагийн тоглолт, нийтийн бүжиг болно. Намар зангилааны урлагийн үзлэг болдог байв.

-Чөлөөт цагаараа таныг шагай харвадгийг мэднэ. Харин  гитар тоглодгийг чинь сая л мэдлээ. Та спорт, урлагт их ойр хүн юмаа даа?

-Гитарыг багаасаа ах нарынхаа тоглохыг харж сонсож, сонирхож эхэлсэн. Ямар ч дууны  функц, соль-ийг дагаад тоглоноо. Оюутан болон депод ажиллаж байхдаа урлагийн үзлэгт гитараа бариад оролцдог байлаа. Одоо ч гэсэн орхиогүй байгаа. Энэ жил хөгжмийн зохиолч Намсрайжав гуайн “Адуучин залуус” “Хөдөөгийн залуус” бүжгийн аяыг гитар дээр ая данг нь яаж тохируулж тоглож болох нь вэ гээд оролдож байна.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу? Одоо хүүхдүүдээс тань удам залгаж төмөр замчин болж байна уу?

-Миний эхнэр Ц.Дуламсүрэн нийтийн хоолны салбарт гуч гаруй жил ажиллаж байна. Би долоон хүүхэдтэй. Эхнэр хоёр бага охинтойгоо амьдардаг. Томчууд нь бүгд тусдаа гарцгаасан. Миний хоёр хүүхэд төмөр замын мэргэжил эзэмшин ажиллаж байна.

-Та их тайван хүн шиг санагддаг.Тайван уужуу стресстэхгүй байх нь ажил алба, амжилттай байхад эерэгээр нөлөөлдөг байх?

-За даа, би ч ер нь тайван талдаа. Тоглоом наадам, спорт хөгжим сонирхдог болоод ч тэр үү асуудлыг хадгалаад шаналаад байх нь бага. Сайн муу юмыг амархан мартдаг. Машин бариад явж байхдаа хөгжим сонсох дуртай, бит, рок, поп, классик, кантри, блюз, джаз, электро гээд бүх л жанрыг сонсдог. Хөгжим сонсохоор сэтгэл хөглөгдөөд хүч тамир авах шиг санагддаг. Ийш тийш томилолтоор явахдаа ном уншинаа. Сүүлийн үед гэгээрлийн ном нэлээн уншиж байна. Агнистын гэгээ цувралын 1-12-ыг уншаад байна. Эдгээр номноос зарим асуултынхаа хариуг олж авч байна.

-Вагончдыг  маш бүтээлч хамт олон гэж сонссон?

-Тийм ээ, санал нэг байна. Биднийг хүмүүжүүлсэн ахмад үе маань бидэнд энэ чанарыг суулгасан юм. Ц.Цэгмид, К.Рашат гуай, Т.Дашдэмбэрэл, Ж.Дашзэвэг, Ч.Дамчаа, Д.Амар, С.Бат-Очир дарга нар маань ийм л хүмүүс байсан. Ахмадуудынхаа энэ чанарыг хойч үедээ залгамжлуулах юмсан гэж хичээж байна. Манай анхны вагоны инженерүүдийн нэг Ш.Батсүх гуай маань энэ жил 91 хүрч байна. Саяхан наадмын үеэр албаны хамт олноос хүндэтгэл үзүүлж гэрт нь очиж сэтгэлийн бэлэг өгсөн. Ц.Цэгмид гуай маань штангаа өргөөд, К.Рашат, С.Бат-Очир дарга нар маань энх тунх амжилттай сайн явцгааж байна.

-Таны хувьд судалгааны ажилд багагүй цаг зардаг байх. Дотооддоо вагон угсрах, хос дугуй угсрах цех байгуулах, вагон депог шинэчилж өргөтгөх  төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд та оролцлоо. Амаргүй хүнд ажил байсан байх.

-Эрдмийн ажлын хүрээнд 1963 оноос 2005 он хүртэлх УБТЗ-ын ачааны вагоны гэмтлийн судалгааг гаргаж математик анализ, магадлалыг тооцож гаргасан. Мөн 2043 он хүртэлх ачааны вагоны засварын системийн судалгааг хийж, MNS 6466:2016 стандартыг боловсруулж гаргасан. Энэ ажилд манай албаны эдийн засагч Т.Туул, инженер Б.Түвшинтөр бусад инженерүүд маань маш сайн ажилласныг тэмдэглэн хэлье.

– Таныг УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байхдаа “2 загал” серийн илчит тэргийг угсрах төслийн удирдагчаар ажилласан гэж сонссон?

-Тэгсэн. УБТЗ-ын “Хоёр загал” илчит тэрэг угсрах төслийн гэрээг Зүтгүүрийн албаны дарга Х.Лхагвасүрэн, инженер  Магжанов А.А, П.Энхмөнх бид АНУ-ын GE компанид очиж үйлдвэрлэлтэй нь танилцаж гэрээний саналыг хэлэлцэн ирж, Р.Раш дарга, Олон улсын Тээвэр зуучийн төвийн Л.Халтар захирал бид GE компанитай эцэслэн боловсруулсан. Энэ төслийг 2003-2013 оны хооронд хэрэгжүүлсэн. Зүтгүүр угсрах төслийг Р.Раш дарга гардан зохион байгуулж, манай шилдэг дарга Ю.Идэрчулуун, шилдэг инженер Л.Ганбаатар, А.Баттулга зэрэг бүтээлч ажилтнуудын хамтын хөдөлмөрөөр бүтсэн дээ. Мөн намайг ерөнхий инженерээр ажиллаж байх үед Улаанбаатар вокзалд хонгилон гарц барих төсөл хэрэгжсэн. Энэ төслийг бас удирдсан. Тухайн үедээ том бүтээн байгуулалтад тооцогдож байлаа. Ачааны вагон угсрах төслийг ЗТХ-ийн сайд Д.Ганбат, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга Х.Амгалан нарын дэмжлэгээр туршилтын цех байгуулах, ачааны таван хагас вагоныг угсрах төслийг нэгхэн сарын хугацаанд хэрэгжүүлсэн юм. Хос дугуй угсрах, их засвар хийх /ВКМ/ цехийг барьж байгуулах төсөл 2006 оноос эхэлсэн. Эрхүүгийн төмөр замын дээд сургуулийн инженерийн төвтэй хамтран төслөө боловсруулж, Омскийн шинжлэх ухаан технологийн төв, БНБелУ-ын Минск, Баранович хотуудын машин үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран шинэчлэн сүүлд нь хөрөнгө оруулалтдаа тохируулан бид өөрсдөө боловсруулсан өөрчлөлтөөр барьж байгуулсан. Олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд ВКМ бий болсон. Зүүнхараагийн вагон депогийн өргөтгөлийн ажлыг 2017-2020 оны хооронд богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхэд УБТЗ-ын Барилга орон сууцны алба, Худалдан авалт борлуулалтын алба, Замын алба, Зүтгүүрийн алба, Тээвэр зохион байгуулалтын алба, Тээврийн хяналтын алба, Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэс, Төв засварын үйлдвэр, Зорчигчийн вагон депо зэрэг бүх алба, хэлтэс салбар нэгжийн хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжсэнийг бахархан тэмдэглэж хэлье. Эдгээр ажлын цаана гарсны дараа эргээд харахад аливаа зүйлийг шинээр бий болгох нь чухал бөгөөд шийдэмгий, итгэлтэйгээр ажлаа хийж эхлэхэд бүх талын нөхцөл бололцоо урган гарч ирдэг юм шиг санагдсан.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Вагоны аж ахуйд сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалтад Замын дарга Д.Жигжиднямаа агсны дэмжлэг, туслалцаа маш их байсан. Үүнээс гадна манай шагайн баг, Улаанбаатар вокзалын “Жигүүр” хамтлагийг ч маш их дэмжиж ирсэн. Д.Жигжиднямаа дарга бид оюутан ахуй цагаас үерхсэн найз, олон жил хамтран ажилласан дарга цэрэг. Дарга маань өндөр соёл боловсролтой, шударга шулуун зантай, хүнд итгэл, урам өгдөг сайхан хүн байлаа. Түүний вагоны аж ахуйг анхаарч, хөгжил дэвшилд нь оруулсан хүчин зүтгэлийг вагончид үүрд санан дурсана.

-Вагоны аж ахуйн салбарын хөгжлийг шат ахиулах олон ажлыг сүүлийн жилүүдэд таны баг, хамт олон амжилттай хэрэгжүүллээ. Дараагийн зорьж буй ажил?

-Залуу үедээ ажлын зөв арга барилыг эзэмшүүлэх, галт тэрэгний аяллын үед аюулгүй байдлын хяналт тавих системийг нэвтрүүлэх, вагон үйлдвэрлэлийг бий болгож хөгжүүлэх зэрэг зорилтууд байна. Миний хувьд албаны хамт олон вагончиддоо маш итгэдэг, албаны аварга оны шилдэг вагон үзэгчдээ есөн эрдэнээр чимэглэсэн алтан алх гардуулж байна. Алх бол хүн төрөлхтөний анхдагч хэрэгцээг хангасан багаж. Энэ алхыг албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар жил бүр урладаг. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд УБТЗ-д зочлоход манай албаны шагнал “Алтан алх”-ыг түүнд гардуулахад вагончид их бэлэгшээж баярласан. Алтан алх шагнал манай албаны шинэ санаачилгын нэг.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Сэтгүүлч Б.Гүнжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж