Саид Моллаей: Би одоо Монгол хүн

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Токио 2020

Саид Моллаей: Би одоо Монгол хүн

Саид Моллаей: Би одоо Монгол хүн

Олимпийн наадамд оролцсон Монголын жүдо, бокс, буудлага, байт, хүндийг өргөлтийн тамирчид бүхий нийт 40 хүн эх орондоо ирж, тэдэнтэй зөрөөд Монголын марафон гүйлтийн тамирчид Токиог зорилоо.  Бөмбөрцөгийн дэвжээн дээр эх орныхоо нэрийг дуурсгаж, олимпийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчилд, дасгалжуулагчдын сэтгэгдлийг хүргэж байна.

ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬТ САИД МОЛЛАЕЙ:

-Олимпийн наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпийн медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа.

Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй.

Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ дээ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтандаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай.

Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд та нарынхаа сайхан энерги, намайг дэмжиж буйд баярлалаа.

САИД МОЛЛАЕЙН ДАСГАЛЖУУЛАГЧ МОХАММЕД МАНСУРИ:

 

-Олимпийн наадамд Монголын баг тамирчид сайн үр дүнтэй оролцлоо гэж бодож байна. Одоогоор хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байна. Миний хувьд ч сайхан олимп боллоо. Шавь минь Монголын өмнөөс барилдаж, олимпийн анхны медалиа хүртлээ. Монголын бүх ард түмэнд баярлалаа гэж хэлье. Энэ медаль Монголын бүх ард түмэнд зориулагдсан юм шүү. Саид бид хоёрыг бэлтгэл бааз, Гранд Слам, тив дэлхийн тэмцээнүүдэд үргэлж дэмждэг та бүхэндээ баярлалаа. Ц.Цогтбаатар бол авьяаслаг бөх. Би үргэлж түүний авьяасын талаар ярьдаг. Олимпийн үеэр хөлөндөө бага зэрэг гэмтэлтэй байсан ч сайн барилдсан. Би түүнд олимпоос медаль авч чадна гэдгийг нь хэлж байсан. Магадгүй дараагийн удаа тэр Шохэй Оног ялах байх. Түүний техник гоё.

М.Уранцэцэг бол гайхалтай тамирчин. Тэмцээн уралдаан бүрт амжилт үзүүлдэг. Одоо олимпийн медальтан боллоо. Тэр бол тэмцэгч. Техниктэй. Олимпийн өмнө тэр бэлтгэлээ сайн хийсэн. Хүмүүс унтаж байхад тэр л бэлтгэлээ хийж байсан. Одоо ингээд медаль аваад зогсож байна. Шаргуу бэлтгэл сайн үр дүн авчирна.

ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ц.ЦОГТБААТАР:

-Надад тусалж дэмжсэн багш дасгалжуулагч, хамт олон, гэр бүлдээ маш их баярлалаа. 2024 онд медалийнхаа өнгийг өөрчилж, ард түмнээ баярлуулах болно.

ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ М.УРАНЦЭЦЭГ:

-Маш  их баяртай байна. Олимпийн медаль аваад дүүдээ ярилцлага өгнө гэсэн амлалтандаа хүрлээ. Би олимпийн аварга болно гэж явсан. Бага зэргийн алдаанаас болоод хүрэл медаль хүртсэн ч баяртай байна. Олимпийн медалиа зүүх мөчид эх орон минь бодогдож байсан. Дараагийн зорилгоо баг хамт олонтойгоо ярилцаж байгаад шийднэ.

3Х3 САГСАНБӨМБӨГИЙН БАГИЙН ТАМИРЧИН О.ХУЛАН:

-Биднийг энэ хүртэл дэмжсэнд баярлалаа. Та нарынхаа итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно. Анх удаа Монгол Улс багийн спортоор олимпийн наадамд амжилттай оролцлоо. Тоглолтын үеэр багийн гишүүд маань хүнд бэртэл авсан. Ирэх 2024 оны олимпод дахин багаараа оролцохыг хичээх болно.

ДАСГАЛЖУУЛАГЧ С.ТУЛГА:

-Дэлхийн 206 улсаас наймхан орон олимпийн наадамд оролцсоны нэг нь Монгол байлаа. Монголын баг багийн спортоор анх удаа амжилттай оролцлоо. Ирэх 2024 онд багаараа ногт ганзагалаж ирэх болно. Эрэгтэй баг олимпийн эрхээ авчихсан байсан.

Олимпийн мөнгөн медальт Саид Моллаейтай ярилцлаа

Posted by News.mn on Wednesday, August 4, 2021


ИНГЭЭД "ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫН АЛБАН ЁСНЫ 13 ДАХЬ /2021.08.04/ ӨДРИЙН ТОЙМЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн барилдаанууд энэ өдөр болсон. Энэхүү төрөлд Монгол Улсаа төлөөлөн МУГТ Э.Бэхбаяр болон Б.Хонгорзул нар өрсөлдөв.

МУГТ Э.Бэхбаяр эхний барилдаанаа Армений тамирчин Арсен Арутюнянтай хийж, 6-1 гэсэн харьцаатай ялав. Үүний дараа шөвгийн наймд Ираны Реза Атритай барилдаж, 5-1 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Хэрэв Иран тамирчин алтан медалийн төлөө шалгарсан бол Э.Бэхбаяр дагах барилдаан хийх байв. Гэвч Реза Атри хагас шигшээд Оросын Заур Угуевд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Ингэснээр манай тамирчны хувьд олимпийн наадмаа өндөрлүүлсэн.

Харин Б.Хонгорзулын хувьд хүрэл медалийн төлөө дагах барилдаан эрхтэй. Тэрбээр өчигдөр эхлээд Францын Матилде Ривьерег ялж, шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай тааран барилдаж, ялагдал хүлээсэн. Улмаар Японы бөх алтан медалийн төлөө шалгарч, манай тамирчин дагах барилдаан хийхээр болов. Хэрэв Б.Хонгорзул дагах барилдаандаа ялвал хүрэл медалийн төлөө барилдах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж