Турк: Бидний уушги шатаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Турк: Бидний уушги шатаж байна

Турк: Бидний уушги шатаж байна

Туркийн өмнөд эрэг шатаж байна. Түймрийг унтраах тоолонд ой модтой толгод дээгүүр өтгөн утаа ээлжлэн суунаглаж нөгөө талд нь өөр нэгэн гал дүрэлзэх шиг. Час улаан наран зузаан мананг нэвтлэн гэрэлтэхүйд өтгөн ногоон ой модод сааралтан үзэгдэнэ. Урт хугацаанд үргэлжилсэн хэт халалт болон хуурай цаг уурын улмаас Турк улсад сүүлийн жилүүдэд тохиогоогүй ойн түймэр асч гамшиг нүүрлэж буй нь энэ юм. Сүүлийн найм хоногийн хугацаанд 30 орчим бүс нутагт 150 гаруй ой хээрийн түймэр гарсан нь нийт 1187.89 км/квадрат газар нутгийг хамарчээ. Ойн түймрийн ихэнх хэсэг Газар дундын тэнгис, Эгей тэнгисийн эрэг дагуух Анталия, Бодрум, Мугла, Мармарис хотуудын хэд хэдэн амралтын бүсэд гарсан байна.

Туркийн гал сөнөөгчид далайн эргийн ойролцоох ой модоор асаж буй түймрийг унтраахаар найм дахь өдрөө ажиллаж байна. Өнгөрсөн Лхагва гаригт эхэлсэн ойн түймэр өдгөө найман хүний амь насыг авч оджээ. Ойн түймрийн ихэнхи нь Туркийн аялал жуулчлалын бүсэд гарч байгаа тул хотын оршин суугчид болон жуулчдыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагааг идэвхитэй явуулсан юм. Тухайлбал, Мугла хотоос 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу наймдугаар сарын 2-нд мэдэгдэв. Мөн Бодрум хотын оршин суугчид болон амрахаар ирсэн жуулчид жижиг завь, автомашин, ачааны машины аль боломжтойг хөлөглөн галын бүсээс дайжжээ.

Хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Бекир Пакдемирли твиттер хуудаснаа “Гал унтраах ангийнхан Анталия, Мугла зэрэг далайн эргийн аялал жуулчлалын бүсэд гарсан есөн түймрийг унтраалаа” гэв. Гэвч Испарта, Денизли, Измир, Адана мужуудад гал идэвхтэй ассаар байгаа аж.

Харин Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Тунчели хотод гарсан өөр нэг түймрийг цурмалжээ. Ийнхүү өнгөрсөн Лхагва гаригаас хойш 30 гаруй мужид гарсан 137 түймрийг унтраасан байна. Пакдемирли үчтэй салхитай, чийгшил багатай, цельсийн 40 хэмээс дээш халуун өдрүүд үргэлжилж байна. Бидний түймэртэй хийх тэмцэл ийн өрнөж байна" гэсэн юм.

Мугла хотын далайн эргийн Мармарис амралтын газрын ойролцоох Турунч хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагааг мөн явуулсан юм. Тэгвэл аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой “Түймрийн аюул арилснаар зарим жуулчид зочид буудалдаа буцаж очих боломжтой болсон” гэжээ. Турк улс галын аюултай ийнхүү тэмцэж байх хооронд бусад улс чимээгүй хараад суугаагүй юм. Тухайбал, Европын холбооноос Турк улсад туслахын тулд Хорват, Испанийн гал унтраах онгоцыг дайчлуулахаар болжээ. Тэр дундаа Испани ус шүрших хоёр нисэх онгоц, нэг тээврийн онгоц, 27 цэргээ илгээсэн байна. Мөн Украин, Орос, Азербайжан, Иран улсын нисэх онгоцууд түймрийг унтраалцаж байгаа аж. ЕХ тусламжийн гараа сунгахаас өмнө Туркийн засгийн газар барууны орнуудын тусламжаас татгалзаж гал унтраах ажиллагааг алдагдуулж байна гэж зэмлэсэн юм. Харин Пакдемирли үүнийг үгүйсгэж зөвхөн ус хаях хүчин чадал нь таван тонноос хэтрэхгүй нисэх онгоц хүлээн авахаас татгалзсан гэжээ.

Мармарис хотод хотын дарга Мехмет Октай тус бүс нутгийн хоёр газарт түймэр ассаар байгаа гэсэн бөгөөд нийт 110 км² ой шатсан гэж тооцоолжээ. Наймдугаар сарын 1-ний өдөр ойн түймэр Хисарону тосгоны захад хүрэхэд олон тооны байшин шатсан агаад цагдаа нар түргэн тусламжийн багийнхан болон сэтгүүлчдийг нүүлгэн шилжүүлжээ. Октай "Бидний уушги сүүлийн таван өдрийн турш шатаж байна” гэсэн юм. Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагын хэлснээр түймрийн улмаас наад зах нь 27 хүн бэртэн эмчлүүлж байгаа төдийгүй хэдэн зуун хүн эмнэлэгээс гарчээ. Эрх баригчид түймрийн шалтгааныг олж тогтоохоор ажиллаж байгаа юм. Хүний ​​"болгоомжгүй үйлдэл"-ээс болсон байх талтай ч хууль бус курдын зэвсэгт дайчдын хорлон сүйтгэх ажиллагаа байхыг ч үгүйсгэх аргагүй аж.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Засгийн газар хамгийн сүүлийн үеийн гал унтраах онгоц худалдаж аваагүй гэх шүүмжлэлд ихээхэн өртсөн юм. Ойн түймрийг унтраахаар 16 нисэх онгоц, 52 нисдэг тэрэг, есөн нисэгчгүй онгоц, 150 хүнд машин, 805 хүнд даацын усны танкыг дайчлан 5000 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа ч цельсийн 40-ээс дээш хэмийн халуун, агаарын чийгшил багатай орчин, хүчтэй салхины нөлөөгөөр түймэр өдөөгдсөөр байгаа аж. Туркийн дотооддоо үйлдвэрлэсэн нисэгчгүй онгоцын тухайд цэгээс цэгт илрүүлэх технологийг ашиглан гарч буй ойн түймрийн мэдээллийг дамжуулдаг бөгөөд гал унтраах ангийнханд галыг хурдан илрүүлж унтраах боломжийг олгодог байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж