Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.08.04/ бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх болсон талаар мэдээлсэн. 2021 оны хичээлийн шинэ жилийн талаарх мэдээллийг багцлан хүргэе.
ТУХАЙЛБАЛ,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.
- Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байна.
- Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэнэ.
2-3 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ҮЕ ШАТТАЙ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА
Цэцэрлэгт эхний ээлжинд дөрөв, таван настай хүүхдийг танхимаар хамруулна. 2-3 настай хүүхдийг covid-19 халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна.
Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцана.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн багш, ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Мөн наймдугаар сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
Холбоотой мэдээ