Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хүмүүжихийг ХОРИГЛОВ!

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хүмүүжихийг ХОРИГЛОВ!

Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хүмүүжихийг ХОРИГЛОВ!

Намар болохоор  цоожтой хаалганы цаана хүүхдээ үлдээх эсвэл цэцэрлэгт өгөхийн тулд аз, эзээ үздэг байсан аав ээжүүд ажил хийх боломжгүй боллоо. Тодруулбал, энэ хичээлийг жилд 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй болохоо Л.Энх-Амгалан сайд зарлав. 

 Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020-2021 хичээлийн жилд  хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулсан”. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд хоёр гурван настнууд цоожтой хаалганы цаана үлдэхээс өөр сонголтгүйд хүрэв. Ядаж л сугалаагаар аз эзээ үзэх ч боломжгүй болсон.  Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “2-3 настай хүүхдүүд халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг учраас вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийж цэцэрлэгт хамруулах эсэхийг эцэслэн шийднэ. 2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт хамруулах  талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” гэв. 

 Ингээд  хэнээр хүүхдээ харуулж, өрхийн санхүүгээ хэрхэн дэмжих вэ гэдэг хүндхэн сонголттой эцэг эхчүүд нүүр тулаад буй. Харах хүнгүй эцэг эхчүүд нэг бол гэрт нь цоожилж, нөгөө бол ажлаасаа гарахад хүрч мэдэх. 

Харж хандах хүнгүй багачууд гэртээ цоожтой үлдсэнээр харин ч илүү их эрсдэлтэй.  Тэр тусмаа хоёр гурван насныхны хувьд гэрт нь цоожлоод үлдээнэ гэдэг хэцүү. 

Нийслэлд нүүрс түлэхийг хориглож, шахмал түлш түлдэг болсноос 2019 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 2,568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тоо дурайж байна. Үүнээс насанд хүрсэн хүн 1,435, хүүхэд 1,133 байна. Өөрөөр хэлбэл, угаартаж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тал хувь нь хүүхдүүд гэсэн үг.

Хамгийн сүүлд гэхэд л ээж нь ковидын эсрэг тэмцэж явахад хоёр хүүхэд нь гэртээгээ шатаж нас барсан хэрэг гарсан.

Монгол Улсад 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэл болдог. ЭМЯ-ны мэдээллээс үзэхэд түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж. Тэгвэл түлэнхийн шалтгаанаар нас барсан тохиолдлыг насны бүлгээр нв авч үзвэл 0-5 нас хүүхдүүд 75.5 хувийг эзэлж байна.

Тиймээс 2-3 настнуудыг цэцэрлэггүй үлдээнэ гэдэг тухайн өрх гэр, хүүхдийг ямар их эрсдэлд оруулж буйг эргэн нэг харах зайлшгүй шаардлага байна.

Монгол Улс Covid-19 дэгдэлтийн улмаас   өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хоёр жил болж байна.  Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, гэртээ үлдсэн хүүхдүүдийг хамгаалахын тулд хоёр сар гаруй хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгосон. Албан байгууллагууд ч ихэнх нь бага насны хүүхэдтэй ажилчдаа цахим болон богиносгосон цагаар ажиллуулсан.

2020 онд хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээнд 30 гаруй мянган эцэг, эх хамрагдсан гэх судалгаа бий.

Тиймээс энэ жил ч мөн адил  цахим ажил, цалинтай чөлөө үргэлжлэх үү гэх асуултыг эцэг, эхчүүд тавьж байна.  Ямартай  ч өмнөх журмын адил эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагийг багасгах, гэрээр ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 27 хоногийн хугацаа үлдлээ. Тиймээс хичээлийн шинэ жилтэй уралдан бага насны хүүхдүүдийн хараа хяналтын талаарх шийдвэр, журмууд эхнээсээ тодорхой болох биз. Тодруулж хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр настантай эцэг, эхэд ядаж төрийн байгууллага нь ажлаа хийх боломжоор хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах уу  эсвэл бүр гарах уу, хүүхдээ цоожлоод бурхандаа залбирах уу гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж