Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажил III улиралд эхэлнэ | News.MN

Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажил III улиралд эхэлнэ

Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажил III улиралд эхэлнэ

Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажил III улиралд эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны наймдугаар сарын 04-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ЕСДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх, бэлтгэл хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст Засгийн газрын хуралдаанаас даалгав.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.

Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байна.
Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэнэ.

Цэцэрлэгт эхний ээлжинд дөрөв, таван настай хүүхдийг танхимаар хамруулна. 2-3 настай хүүхдийг коронавируст халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна.

Энэ хичээлийн жилд 1.515 цэцэрлэгт 232,000 хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцана.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн багш, ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Мөн наймдугаар сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ 33 ХУВЬТАЙ БАЙНА

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яам танилцуулаа. Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 33.3 хувь, 2021 оны гүйцэтгэл 54.2 хувь байна.
Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн гүйцэтгэл 88 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ. Репо санхүүжилтийн зээл 623,5 тэрбум, ипотекийн зээл 561,6 тэрбум, хөдөө аж ахуйн зээл 319,6 тэрбум төгрөг гаргаад байна. Нийт хөтөлбөрийн хүрээнд 216 мянган ажлын байр хадгалж үлдлээ гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

ХЭВЛЭН НИЙТЛЭХ, ЭРЭН СУРВАЛЖЛАХ, МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖАА НУУЦЛАХ ЭРХИЙГ ХАНГАСАН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХОД АНХААРНА

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг нь 2021-2022 онд авлигын төсөөллийн индексийн Монгол Улсын үнэлгээг өсгөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, хууль бус үйлдлийг мэдээлсэн, илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс Шүгэл үлээгчдийг хамгаалах тухай, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулахыг Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

Хүнд суртал, авлигын шинжтэй гомдол, саналаа иргэд 1111 төвд ирүүлж байгаа ажээ. Өнгөрөгч долдугаар сарын 22-30-нд ирсэн дуудлагын 114 нь хүнд сурталтай холбоотой байжээ.
Харъяа дүүргийн Газрын албаны үйл ажиллааны хүнд суртал, төрийн байгууллагууд иргэдээс ирсэн дуудлагыг хүлээн авахгүй байх, төрийн зарим үйлчилгээ иргэдэд ойлгомжгүй, тодруулах байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй байгааг иргэд шүүмжилж байна.

ШИЛ, ШИЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛНА

Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэсплазм” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. Паркийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи ашиглан барьж байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Монгол Улс шил, шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор худалдан авдаг, үүнээс 80 орчим хувь нь БНХАУ-аас хамаарч байна. 2020 оны мэдээгээр 21 нэр төрлийн 55 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор худалдан авч дотоодын үйлдвэрүүд шилний хэрэгцээгээ хангадаг байна.

-Парк бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 50 гаруй сая ам. долларын шил, шилэн хийцийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

-Эхний ээлжинд ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь хоногт 68,8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

-Улаанбаатар хотоос гарч байгаа шилний хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Нийслэлийн Багахангай дүүрэгт байгуулагдах шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк нь нийт гурван үйлдвэрийн бүстэй бөгөөд эхний ээлжинд байгуулагдах савлагааны шилний үйлдвэр нь жилд дунджаар 48 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 380 гаруй ажлын байр шинээр бий болгох урьдчилсан тооцоо хийгджээ.

“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн гүйцэтгэсэн ажлын хүлээгдэж байгаа төлбөр болон төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах үлдэгдэл санхүүжилтийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт даалгав. Санхүүжилтийг шийдвэрлэсний үндсэн дээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН БАРИЛГЫН АЖИЛ ГУРАВДУГААР УЛИРАЛД ЭХЭЛНЭ

Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтцийн барилгын ажлыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр болов.
Богдхан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг даалгалаа.

Товч мэдээ

  • Замын-Үүд боомтын ачаа бараа эргэлтийг сайжруулах, БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрсөн чингэлгийг татан авах чиглэлээр гадаад харилцааны шугамаар холбогдох арга хэмжээ авах, наймдугаар сард багтаан БНХАУ-ын талд үүссэн олон улсын ачаа тээвэртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг албаны хүмүүст даалгалаа.
  • Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, хувийн хэвшлийн оруулсан хөрөнгө оруулалтыг аудитын дүгнэлт гаргуулан Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн балансад шилжүүлэх, Үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллахыг даалгав.
  • Хилийн Алтанбулаг боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
  • Автозамаар олон улсын зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-04 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-04 43.228.130.24

Хятадууд монгол хонины нэхий гээд Америкт үнэ хүргээд зарж байна. Монголд төр, төрийн бодлого гэж байна уу ?

Avatar

Зочин 2021-08-04 43.228.130.24

Налайхад шилний үйлдвэртэй байсаныг Шадар сайд мэдэх л ёстой доо. Хуучны бүх үйлдвэрүүдийг сөнөөсөний гай энэ дээ. Шинэчлээд явсан бол Монголд ихэнх зүйлээ дотооддоо хийдэг үйлдвэрүүд нь байлаа. Даанч мөнгөнд нүдээ боолгосон нөхдүүд Хятадын бодлогыг хэрэгжүүлсэний уршгаар Монголд үйлдвэр байхгүй болсон. 90-ээд оны сүүл, 2000-д онд арьс ширийг өндөр үнээр авч Хятад руу зөөдөг байсан. Гэтэл одоо хонины арьс 500 төгрөг, Монголд арьс шир олигтойхон боловсруулдаг үйлдвэр байхгүй, Хятадууд монгол хони

Avatar

Иргэн 2021-08-04 103.57.94.88

Хугацаандаа дуусдагч юм байдаггүй, худлаа яриад ч ханадаггүй , иргэдэд хэрэгтэй нь ч бага , идэгчдэд тустай нь ч их байдаг бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж