Кино театрууд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.05-нд нийтлэгдсэн

Кино театрууд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

Кино театрууд 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ

Цар тахлын улмаас олон сар хаалгаа барьсан бизнесийн салбарын нэг бол кино театр. Хоёр жилийн турш үйл ажиллагаа нь зогсоод байсан кино театрууд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан үйл ажиллагаагаа нээх хүсэлтээ илэрхийлээд буй. Энэ салбарт нийт 1000 орчим хүн ажилладаг бөгөөд 550 хоног ажил, орлогогүй болсон гэдгийг учирлаж байна. Ингээд кино театруудын төлөөллөөс нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Улаанбаатарт “Тэнгис”, “Хүннү”, “Соёмбо”, “Өргөө1, 2, 3”, “I cinema”, “CinemaNext”, “Prime Cineplex”, “Гэгээнтэн” зэрэг кино театрууд ажилладаг. Дээрх кино театруудад дунджаар жилд гурван сая орчим тасалбар борлуулдаг гэх тоо бий. Харин цар тахлын улмаас энэ салбар өнгөрсөн нэг жилд 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа аж.

"КИНО ТЕАТРУУД АЖИЛЛАХ ЦАГ НЬ БОЛСОН"

 “PRIME CINEPLEX” КИНО ТЕАТРЫН ЗАХИРАЛ П.ГЯЛБАА:

-2020-2021 онд кино театрууд ерөнхийдөө зургаан сар л ажилласан. Үлдсэн саруудад хаалттай байж ирлээ. Одоо ч гэсэн хаалттай, хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тийм ч хурдан намжих өвчин биш байна гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, шинэ амьдралын хэв маягт дасан зохицох, менежмент, арга барилаа өөрчилж байна.

Бид ч гэсэн энэ хэв маягт дасан зохицож амьдрах шаардлага нэгэнтээ ирсэн. Иргэдийн сэтгэлзүй ч гэсэн одоо бэлэн болсон. Кино театр нь иргэдэд оюуны алжаалыг тайлж, цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангадаг хамгийн чухал салбар. Яг одоо нийгэмд хамгийн дутагдаж байгаа зүйл. Манай кино театрын хувьд өнгөрсөн хугацаанд зарим салбар шиг тэмцэж, жагсаагүй.

Иргэд шинэ хэв маягт дасан зохицох сэтгэл зүйн бэлтгэл нь бэлэн болсон цагт дуу хоолойгоо хүргэе гэж бодсон юм. Одоо цаг нь болсон байна. Олон улсын стандарт, жишгээр суудлын дүүргэлт 50-70 хувьтай байх боломжтой. Мөн хүн хоорондын зайг барихад асуудалгүй. Танхим битүү орчин шиг санагдавч бүгд A/C, агааржуулалтын системтэй, агаар сэлгэлт байнга хийдэг. Кино театрт халдвар хамгааллын дэглэм алдагдаж байгаагүй. Үйлчлүүлэгчдийн хувьд өнгөрсөн жилээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хэрэгжүүлж, аль хэдийнэ дадал болсон.

"ӨНГӨРСӨН 2020 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ХОЁРХОН САР АЖИЛЛАСАН"

“CINEMANEXT” КИНО ТЕАТРЫН ДЭД ЗАХИРАЛ Б.ХОНГОР:

-Манай кино театр 2020 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уг нь 2020 оны гуравдугаар сард нээлтээ хийх гэсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсоор албан ёсны нээлтээ хийж чадаагүй. Нээлтээ хийгээд хоёрхон сар ажилласан. Хоёр сарын хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажилласан. Одоо бусад үйлчилгээний газрууд үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байгаа ч кино театрууд одоо хүртэл хаалттай байна.

Дор хаяж суудлынхаа 50 хувьд үйлчлүүлэгчээ авч, ажиллах хүсэлтэй байна. Манай театр нийт 40 орчим ажилтантай. Одоо бүгд ажилгүй болсон.

Хэрвээ үйл ажиллагаагаа нээвэл халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, ажиллах бүрэн боломжтой. Бидний зүгээс холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн. Одоогоор “Ийм шалтгааны улмаас кино театруудыг нээхгүй” гэдэг хариу мэдэгдээгүй. Бидний худалдаж авсан кино театрын тоног төхөөрөмжүүд нь асар үнэтэй. Энэ дэлгэцүүд нь өдөр болгон ажиллаж байх ашиглалтын горимтой. Гэтэл бид хоёр жил орчим огт ашиглаагүй.Үүний улмаас тоног төхөөрөмж доголдох эрсдэл гарч байна. Кино театруудын дэлгэцнээ гарахаар бэлдэж буй маш олон кино байгаа.

"ТЕАТРУУД ДЭГЛЭМИЙГ ХАМГИЙН САЙН МӨРДӨХ БОЛОМЖТОЙ"

“ТЭНГИС” КИНО ТЕАТРЫН МАРКЕТИНГИЙН АЛБАНЫ ДАРГА Б.ЗОРИГТ:

-Кино театруудыг бусад худалдаа үйлчилгээний байгууллагуудтай харьцуулахад халдвар хамгааллын дэглэмээ хамгийн сайн мөрдөх боломжтой. Нэгдүгээрт, цагийн хуваарьтайгаар зөвхөн суудлаар үйлчилдэг учраас үзэгчдийн суудал хоорондын зайг барих боломжтой. Хоёрдугаарт, өмнөх үйлчлүүлэгчид киногоо үзүүлчихээд дараагийн үзэгч орж ирэхээс өмнө ариутгал, агаар сэлгэлтийг хийчихнэ. Ийм онцлог давуу талтай учраас кино театруудаар сэтгэл ханамжтай үйлчилгээ авч болно.

Өнгөрөгч 2020 онд “Тэнгис” кино театр нэг жилийн 365 хоногийн ердөө 147 хоногт нь ажилласан. Энэ онд 20-хон хоног ажилласан. Кино театрын үйлчилгээг хамгийн түрүүнд хаасан мөртлөө одоог хүртэл нээгээгүй байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж