Беларусь улсын тамирчин Кристина Тимановская дасгалжуулагч нартайгаа ам мурийж, улмаар эх орон руугаа буцалгүй, Польш руу ниссэн билээ. Тэгвэл түүнд тусалж, нөхрийг нь Беларусиас гаргасан залуу өчигдөр/2021.08.03/ модноос дүүжлээстэй амиа алдсан байдалтай олджээ.
Тамирчин бүсгүйн нөхрийг Арсений Зданевич гэдэг бөгөөд тэрбээр өдгөө Украинд орогнож байна.
Виталия Шишов хэмээх амиа алдсан энэ залуу нь Украины Киев хотноо төвтэй өөрийн байгууллагаараа дамжуулан Беларусьчуудыг эх орноосоо зугтахад тусалдаг байсан аж. Тэрбээр хамгийн сүүлд тамирчин бүсгүйн нөхөрт тусалж, Беларусиас гаргасан боловч удалгүй өөрөө Украинд амиа алдав.
Шишов нь Беларусийн одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенког эрс эсэргүүцдэг нэгэн байсан ажээ.
“Украин дахь Беларусь байшин” гэх байгууллагын тэргүүн Шишовын цогцсыг Святошинский цэцэрлэгт хүрээлэнгээс олжээ. Орон нутгийн цагдаа нар мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн гэнэ. Урьдчилсан байдлаар амиа хорлосон мэт харагдуулах гэж санаатай алсан хэмээн сэжиглэж байгаа аж.
Шишов өглөө бүр Святошинский цэцэрлэгт хүрээлэнгээр гүйдэг байсан бөгөөд өнгөрөгч Даваа гаригийн өглөө гэрээсээ гүйх гэж гараад эргэж ирээгүй учир найзууд нь цагдаагийн газарт ханджээ.
Украины үндэсний цагдаагийн дарга Игор Клыменкогийн хэлснээр Шишовын хамар, өвдөг нь ил шархтай, гэмтсэн байдалтай байжээ. Шинжээчид энэ тал дээр нарийн шалгалт хийж байгаа гэв. Мөн тэрбээр энэ хэргийг Беларусь тамирчин бүсгүйтэй холбоогүй гэдгийг онцолж байна.
Талийгаачийн журмын нөхдийн хэлснээр Шишов өнгөрсөн жил Беларусийн Засгийн газрын эсрэг жагсаалыг идэвхийлэн удирдаж, удалгүй эх орноосоо дүрвэж, Украинд амьдарч байжээ. Шишов үргэлж өөрийгөө хулгайлагдаж эсвэл бусдын гарт амиа алдаж магадгүй гэдгийг нөхдөдөө сануулж байсан аж.
Холбоотой мэдээ