Улаанбаатар хотыг цагаан манан бүрхээд байна. Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.8.4/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдах аж. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа.
-Монгол Улсад өнөөдрийн байдлаар ой хээрийн түймэр гараагүй. Энэ бол Сибирьт гарсан олон удаагийн ой хээрийн түймрийн утаа. Улаанбаатараас гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байгаа. Цаг агаарын мэдээллийн сайтын прогнозоор үдээс хойш үзэгдэх орчин хязгаарлагдах хэмжээнд утаа өтгөрөх шинжтэй харагдаж байна.
ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж байгаагаас ийнхүү түймэр ихээр гарч байгаа. Зургадугаар сараас хойш нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд шатсан. Энэ удаагийн түймрийн утаа хэд хоног Монгол Улсыг бүрхэх нь тодорхойгүй. Ямартай ч ерөнхий мэдээллээр утааны түвшин өнөөдөр хамгийн их байгаа. Маргаашнаас утаа өтгөрөх үзэгдэл багасах төлөвтэй байна" гэсэн юм.
Гэрэл зургийг Г.ЭНХЖИН, Л.ЭНХ-ОРГИЛ
Siberiantimes.com сайтад мэдээлснээр ОХУ-ын Якутад гарсан түймэрт одоогийн байдлаар 12140 км талбайг хамарсан бөгөөд зургадугаар сараас хойш 300 орчим удаа ой хээрийн түймэр гарсан аж. Түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид болоод ард иргэд хичээж байгаа ч цурманд оруулж чадахгүй байгаа гэжээ.
Холбоотой мэдээ