Эцгийнхээ гэнэтийн үхлийн шалтгаан болон сонгуулийн хуйвалдааны талаар хэвлэлийн бага хурал зарласан иргэн Г.Ган-Очирыг гэрээс нь цагдаа нар баривчилжээ. Уг нь мэдээлэл хийх гэсэн иргэнийг биш мэдээлэлд нь дурдсан асуудлыг цагдаа нар шалгах ёстой байв. Гэвчиг, манай цагдаад бүргэдийн хүч байхгүй! Шонхорын зориг бүр ч үгүй.
Иргэн Г.Ган-Очир 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд МАН-ынхан хар машиныг хэрхэн хакердсан, хэн хэн түүнд захиалга өгсөн болохыг клабхауст нэг бус удаа ярьсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байна. Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар холбоотой. Д.Сумъяабазар надад сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэсэн, би зөвшөөрөөгүй" гэж байв. Үүний дараа түүнийг баривчилж, худал мэдээлэл тараасан гэж цагдаа нар буруутгасан байдаг. Мөн түүнийг АН-аас 75 сая төгрөг авсан хэмээн мэдүүлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тараасан юм. Ямар нэгэн байдлаар эрх баригчдыг шүүмжилсэн эсэргүүцсэн бүхэнд арчаагүй, архичин, хөлснийхөн бүр гадаадын тагнуулч шошго "хаддаг" болчихсон.
Г.Ган-Очир бусдыг гүтгэсэн эсвэл түүний яриа үнэн бол цагдаа нар шалгаж нягтлаад хуулийг дагуу шийтгэх ёстой. Галзуу, согтуу, сэтгэгцийн өвчтэй гэж элдвээр харлуулах хэрэггүй. Тэр тусмаа түүнийг шалтгаангүйгээр баривчилж саатуулах тусмаа Монголыг цагдаа муухай харагдана.
Энэ явдлаас хоёр хоногийн өмнө Зон олны намын дарга Э.Одбаярыг мөн л Эрүүгийн цагдаагийн албанаас баривчлан саатуулсан юм. Түүнийг Дорнод аймгийн Хэрлэн суманд тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Дөлгөөн бусдыг машинаар дайрч, амь насыг нь хөнөөхийг завдсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн эх сурвалжаа хэлэхийг шаардаж, хойшлуулашгүйгээр баривчлах ажиллагаа явуулжээ.
Зүй нь бичлэг дэлгэсэн Э.Одбаярыг биш бусдыг санаатайгаар дайрч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан иргэн Дөлгөөнийг хойшлуулашгүйгээр баривчлан саатуулах нь цагдаагийн үүрэг байлаа. Гэтэл бичлэг дэлгэсэн Э.Одбаяр "гэм буруутан" болов.
Энэ явдлаас мөн нэг хоёр хоногийн өмнө иргэдийн эрх чөлөөнд халдаж буй цагдаа нарын бичлэг цацагдав. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь энэ хэрэгт холбогдуулан зөвхөн бичлэг дэлгэсэнд харамсаж буйгаа илэрхийлэв. Хэрэвзээ, сайдад ёс зүй байсансан бол огцрох өргөдлөө өгөх байлаа. Үгүйдээ л, өөрийнх нь удирдлагад ажиллаж буй цагдаа нар нь ёс бус авирласанд уучлалт гуйсангүй. Эсрэгээрээ бичлэг цацсан иргэн цагдаад дуудагдав. Эх сурвалжаа зааж өгөхийг шаардав.
Уг нь бичлэгийн эх сурвалжийг биш бичлэгт болж буй үйл явдлыг шалгах ёстой байлаа, Х.Нямбаатарын цагдаа нар.
Бичлэг дэх үйл явдал хоёр жилийн өмнө болсныг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хэвлэлийнхэнд мэдээлсэн. Хууль зүйн сайд ч "миний өмнөх сайдын үеийн асуудал" болохоо мэдэгдсэн. Тэгэхээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг идэвхийлэн өмгөөлж явах зуур түүний цагдаа нар энгийн иргэдийн эрх чөлөөнд халддаг, эрүүдэн шүүдэг, яргалдаг, амь насыг нь хөнөөдөг байсан нь батлагдлаа, баригдлаа.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” гэж экс тагнуулч Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг шүүхээс буруутган ялласан жишгээс харвал Ц.Нямдоржид ийм хариуцлага хүлээлгэх ёстой баймаар. Түүний ярьдаг шударга ёсны онолоор бол шүү дээ.
“Nonaadam” жагсаалыг зохион байгуулсан иргэдийг гадаадын тусгай албад санхүүжүүлсэн болохыг манай тагнуулынхан олж тогтоосон гэнэ. Ийм маанаг үлгэрт тэнэг хүн ч итгэхгүй л дээ. Гэвч, манай тагнуул цагдаагийнхан итгэчхээд байгаад гол асуудал нь байна. Тэгж ярих юм бол төв талбай дахь иргэдийг жагсаалыг санхүүжүүлж байснаас Төрийн ордонд байгаа хэдийг худалдаад авчихвал гадаадын тусгай албаныханд илүү хялбар агаад амархан. Тэгээд ч жагсаал болохоос өмнө наадмыг өнжихөөр шийдсэн тухайгаа Ерөнхий сайд өөрөө хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ..
Тэгэхээр ийм нэг битүү, хатуу мэдээлэл цацах болсны шалтгаан нь иргэд эрх баригчдыг эсэргүүцэж жагсах юм аваас гадаадын тагнуул гээд гянданд хийчихнэ шүү гэсэн Ардын намынхны анхааруулга биз.
Монголын цагдаа нар жирийн иргэддээ жинхэнэ арслан бар шиг авирладаг. Иргэнээ архичин, хар тамхичин, галзуу согтуу гэж сийхгүй гүтгэнэ. Эсрэгээрээ иргэн нь эрх мэдэлтнүүдийг шүүмжилж, эсэргүүцэж болохгүй. Эсэргүүцэжи, шүүмжилбэл элдвийн нэр хоч өгч, эрүүгийн хэрэг үүсгээд баривчилна, саатуулна, айлгана, ичээнэ
Нэр нөлөө, танил тал, мөнгө хөрөнгөтэй хүнд манай цагдаа нар тагтаа болж хувирах нь бий. Тэдний өмнө цагдаа хөөрхөн, цагдаа номхон. Үүний нэг жишээ нь, олимпийн аварга Н.Түвшинбаярын зодоон байна. Улсын начин Э.Энхбатыг ухаангүй болтол нь зодож гэмтээсэн түүнийг манай цагдаа нар баривчлах нь бүү хэл эрүүлжүүлээ ч үгүй, эмнэлэгт аваачаад нуучихсан шүү дээ. "Миний цагдаа намайг хамгаална" гэдэг мөнгөгүй хүмүүст зориулсан үг биш мөнгөтэй, нөлөөтэй хүмүүст зориулсан "үйлчилгээ".
Цагдаад бүргэдийн хүч байгаагүй
Цагдаад шонхорын зориг байгаагүй
Цагдаа алтан гургалдай шиг дуулаагүй
Цагдаа үнэн ба амьдралтай нийлээгүй……