Хойд Солонгос хүнсний хомсдолын улмаас цэргийн нөөцөнд байсан будаагаа тарааж эхэлснийг БНСУ-ын тагнуулын агентлагаас мэдээллээ. Цар тахлын нөхцөл байдал удаан үргэлжилж байгаа нь Хойд Солонгосын эдийн засгийг улам бүр муутгаж буй юм. Одоогийн байдлаар тус улсад их өлсгөлөн болон нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн шинж ажиглагдаагүй байна. Гэвч мэргэжилтнүүд намрын ургац хураалт хүртэл байдал улам дордоно хэмээн таамаглажээ.
Сөүлийн Үндэсний тагнуулын албанаас мэдээлж буйгаар Хойд Солонгос дайны үед хэрэглэх зориулалттай будаагаа иргэд, ажилчид болон орон нутгийн төрийн байгууллагуудад нийлүүлж байгаа аж.
Тагнуулын байгууллагийн хэвлэлийн хуралдаанд оролцсон хууль тогтоогчдын нэг Ха Тэ Кюний хэлснээр Хойд Солонгост үүссэн хэт халалтаас болж, будаа, эрдэнэ шиш болон бусад үр тариа ихээр сүйдэж, олон мал амьтан үхэж үрэгдсэн аж. Тиймээс Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хэт халалттай тэмцэх ажлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзжээ.
Өөр нэгэн хууль тогтоогч Ким Бён Ки “Хойд Солонгос 26 сая хүн амын хүнсний хэрэгцээг хангахад 5.5 сая тонн хүнс шаардлагатай. Харин үндэсний тагнуулын албанаас мэдээлснээр одоогийн байдлаар нэг сая тонн хүнс дутаад байна” гэв. Энэ нөхцөл байдлын улмаас тус улсад хамгийн чухал хүнсэнд тооцогддог будааны үнэ жилийн эхэн үеийнхээс хоёр дахин өссөн аж. Тодруулбал, будааны үнэ долдугаар сард хэсэг хугацаанд тогтворжсон ч эргээд нэмэгджээ.
Өмнөд Солонгосын “GS&J” хувийн институтийн шинжээч Квон Тэ Жиний үзэж байгаагаар Хойд Солонгос будааны үнийг тогтворжуулахын тулд цэргийн нөөцөнд байгаа будааг гаргасан байх талтай. Гэвч засгийн газраас нийлүүлэх будааны хэмжээ хязгаартай тул зах зээлд байгаа будааны үнэ төдийлөн тогтворжихгүй байгаа аж. Хойд Солонгос нөөцийн будаагаа анх удаа гаргаж байгаа биш боловч энэ удаа нөөц дуусах гэж байгаа нь байдлыг аюултай болгож байна.
Хойд Солонгос цар тахлын өмнөх жилүүдэд хүнсний хомсдолтой мөн тулгарч байсан ч Хятад улсаас будаа болон бусад үр тариаг нууцаар оруулж ирдэг байсан тул хэрэглээгээ хангасаар иржээ. Гэвч цар тахал гарснаас хойш тус улс хилээ хаасан учраас хүнсний хомсдлын асуудлыг даван туулахад улам бүр төвөгтэй болжээ. Хойд Солонгос хилээ хаасны улмаас худалдааны хамгийн том түнш Хятадтай хийсэн худалдаа нь өнгөрсөн жилийнхээс 80 хувиар буурсан гэж Бээжин мэдээлжээ.
Гэхдээ Квоны үзэж байгаагаар Хойд Солонгосын хүнсний хомсдол намрын ургац хураалт хүртэл үргэлжлэх бөгөөд 1990 оных шиг их өлсгөлөн болохгүй аж. Учир нь зах зээлийн будааны нөөц дуусаагүй төдийгүй ард иргэд нь дэлгүүрт байгаа хүнсийг худалдан авах чадвартай байгаа үзсэн байна.
Сөүлийн Үндэсний тагнуулын албанаас мэдээлж буйгаар Хойд Солонгос цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээнд эргэн орохоор төлөвлөж байгаа бөгөөд цөмийн зэвсгийн туршилтын улмаас НҮБ-аас тавьсан хоригийг сулруулж өгөхийг АНУ-аас хүсэх гэнэ.
Тухайлбал, тус хоригт Хойд Солонгосоос ашигт малтмалын баялагийг импортлох, тус улс руу сайжруулсан тос, өндөр чанарын архи, костьюм зэргийг экспортлохыг хориглосон заалтууд багтдаг аж. Ким Жон Ун нэн ялангуяа, элитүүдийнхээ хэрэгцээнд зориулж дээрх бүтээгдэхүүнийг импортолдог болохыг тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Тус байгууллагийн олж мэдсэнээр цар тахлын үед Ким Жон Уны биеийн байдалд өөрчлөлт орсон шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Ким олон нийтийн дунд байнга үзэгдэж байгаа аж.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ