Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд хамтран хар машинаар сонгуулийг луйвардсан тухай мэдээлсэн иргэн Г.Ган-Очирыг өнөөдөр /2021.8.4/ цагдаагийн байгууллагаас баривчилжээ. Тодруулбал, иргэн Г.Ган-Очир өнөөдөр аавынхаа гэнэтийн үхлийн шалтгаан болон сонгуулийн үр дүнг хуйвалдсан талаар хэвлэлийн хурал зарлаад байсан. Мөн НӨАТ-ын сугалаагаар их хэмжээний мөнгийг эрх мэдэлтэй хүмүүс луйвардсан талаар мэдээлэх байжээ. Гэтэл түүний 11.00 цагаас зарласан хэвлэлийн хурал цуцлагдаж, 09.30 цагт эрүүлжүүлнэ хэмээн цагдаагийн алба хаагчид очиж гэрээс нь баривчилсан байна. Одоогийн байдлаар түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өгсөн мэдээллээр 09.04 цагт оршин суугчдын амар тайван байдал алдагдуулсан гэсэн зөрчлийн дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу тухайн иргэнийг эрүүлжүүлэхэд авч ирсэн. Хуулийн дагуу 24 цагийн дараа суллана гэв.
Харин иргэн Г.Ган-Очиртой хамт байсан хүний хэлснээр тэрбээр согтуу байгаагүй. Хэвлэлийн хурал хийхээр өчигдөр цаг товлож, 11.00 цагаас мэдээлэл хийхээр болохоор болсон. Ноцтой мэдээлэл хүргэх гэж байгааг мэдсэн учраас цагдаагийн байгууллагаас хяналт тавьж, зохион байгуулалттайгаар баривчилсан гэж харж байна. Иргэний мэдээллийн дагуу баривчилж байна гэсэн. Үнэндээ архидан согтуурсан асуудал үүсээгүй. Энэ бол хэвлэлийн хурлыг хойшлуулах арга байсан. Г.Ган-Очир өнөөдөр аавынхаа заналхийлэлд өртөж нас барсан талаар болон Тагнуулын ерөнхий газрын зургаа дугаарын өрөөнд байцаагдаж байхад нь заналхийлсэн бичлэгийг шаардаж мэдээлэл хийх байсан. Мөн сонгуулийн луйврыг зарлах төлөвлөгөөтэй байсан гэв.
Холбоотой мэдээ