Австралийн ойрын зайн гүйлтийн залуу тамирчин Райли Дэй энэ олимпоор дэлхийн шилдгүүдийг ардаа хийн 200 метрийн хагас шигшээд өрсөлдсөн билээ. Тэрбээр 200 метрийн урьдчилсан шатны долдугаар гараанд уралдсан бөгөөд гуравт орж, хагас шигшээд шалгарсан. Харин хагас шигшээд дөрөвт орж, харамсалтай нь финалд шалгарч чадаагүй юм.
Хэдийгээр олимпоос медаль аваагүй ч Райли Дэй өөрийн хувийн дээд амжилтаа шинэчилж, 200 метр зайг 22.56 секундэд туулжээ. Түүний Токиод ирсэн зам их сонирхолтой.
Ямар ч ивээн тэтгэгчгүй, хуримтлалгүй залуу охин Токио явахын тулд сүүлийн гурван жилийн турш Ням гариг бүр Вудвортс супермаркетэд ажилладаг байжээ.
Олимпийн наадмын үеэр “Channel 7” телевизийн хөтлөгч Райли Дэйгээс олимпод гүйх ямар байгаа талаар асуухад залуу тамирчин сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй орилжээ. Түүний инстаграм дахь дагагчдын тоо 24 цагийн дотор 56.200 болон хоёр дахин нэмэгдсэн гэнэ.
Райли Дэй нулимс дуслуулан ярихдаа “Би хувийн амжилтаа ахиулж, олимпийн наадамд 12 дугаар байранд орлоо. Энэ бүхэн бодит гэж үү. Намайг дэмжсэн, надад сайхан үгтэй зурвас илгээсэн, сайн сайхныг хүссэн та бүхэндээ баярлалаа. Би бүх зүйлд талархаж байна. Би ирээдүйгээ томоор төсөөлж байна. Та нарын дэмжлэг намайг улам илүү хөдөлмөрлөж, дараагийн том тэмцээнүүдийн финалд шалгарах ёстойг ухаарууллаа. Би хамгийн шилдэг нь болмоор байна. Би шилдэг нь болтлоо зогсохгүй. Олимпийн наадам намайг хэн байсныг, ямар хурдан гүйдэг байсныг өөрчлөхгүй” гэжээ.
20 настай Райли Дэй Гриффит их сургуульд спортын менежмент дэх бизнес хөтөлбөрөөр сурдаг гэнэ. Мөн тэрбээр цаашдаа ч Вудвортс дэлгүүртээ ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэв.
Холбоотой мэдээ