ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан ХЭҮК-ын тухай хуульд заасны дагуу байгууллагынхаа 2022 оны оны төсвийг төлөвлөн УИХ-ын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо хянан хэлэлцсэн билээ. Уг төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЭҮК-оос ирүүлсэн төсвийн төслийг хүчтэй шүүмжиллээ. Энэ талаарх эсрэг тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцлоё.
Б.ЭНХБАЯР
УИХ-ЫН ГИШҮҮН
Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг УИХ шүүлээ гээд байх шиг. Хоёр шинэ "Ланд 200" авна, бүх тавилга, ширээ, компьютерээ бүгдийг нь шинэчилнэ гээд пин пангүй тоо, мөнгө яриад байгаа улсыг УИХ шүүхгүй яадаг юм. Төсөв гэдэг чинь ард түмний татварын мөнгө биз дээ.
Орон тоогоо 25-аар нэмнэ. Шинээр өрөө тасалгаа түрээслэхэд 159 сая төгрөг, хоёр шинэ "Ландкрузер 200" авна, 400 саяд бүх компьютерээ бүгдийг нь шинэчилнэ 328 сая, бүх тавилгаа бүгдийг нь шинэчилнэ 221 сая гэсэн ийм төсөв байна. Энэ мөнгө байхгүй бол хүний эрхийн төлөө ажиллаж чадахгүй юм шиг. Саяын танилцуулгыг дахин сонсмооргүй танилцуулга байна. Мөнгөгүй бол хүний эрхийн төлөө ажиллахгүй юм шиг ярих юм. Дахиж ийм танилцуулга битгий бичээрэй гэж гуймаар байна. Орон тооны хувьд ойлгож байгаа. Яагаад гэхээр Хүний эрх хамгаалагчийн хууль баталсан. Тиймээс ХЭҮК-ын төсвийг үлэмж хасъя. Орон тоог яръя.
Г.НАРАНТУЯА
ХЭҮК-ЫН ГИШҮҮН
Хүний эрхийн үндэсний комисс анх байгуулагдахаа ажиллаж байсан ширээ сандалтайгаа одоог хүртэл ажиллаж байгаа. 2014 онд бага хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл одоо үндсэн хөрөнгийн 99 хувь актлагдахад бэлэн болоод, дотоод хяналт шалгалтын хүмүүс дүгнэлтээ гаргасан. ХЭҮК-ын одоогийн төсөв 1.4 тэрбум төгрөг байгаа нь бол УИХ-ын харъяа байгууллагуудтай харьцуулахад хамгийн бага бөгөөд үндсэн чиг үүрэгтэй харьцуулахад арай дэндүү гомдмоор бага байна. Комиссын гишүүдийн зүгээс өөрсдийн цалин хөлсний асуудлыг огт ярихгүй байгаа. Бид зөвхөн ажилтнуудынхаа цалин хөлсийг захиргааны ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг тавьж байна. Цалингийн хувьд УИХ-ын Тамгын газрын албан хаагчдын үндсэн цалинтай харьцуулахад зуун хувиар бага. Үндэсний аудитын газар, АТГ албан хаагчдын үндсэн цалингаас 66 хувиар бага байна. Бид зохистой түвшинг хүсч байна. Аль нэг байгууллагатай уралдах санаа зорилго байхгүй.