Токиогийн олимпоос таван алтан медаль хүртээд буй Калеб Дрессел медалиудаа өөртөө хадгалахгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр "NBC" телевизэд өгсөн ярилцлагадаа “Миний хувьд медаль чухал биш ээ. Би таван медалийнхаа алийг нь ч өөртөө хадгалахгүй. Залуучууд хор шартай байх хэрэгтэй. Медаль авахын хамгийн зугаатай хэсэг нь уралдаан. Уралдах л надад таалагддаг. Тэрнээс биш ялалтыг минь надад сануулахын тулд төмрийн хэлтэрхий хэрэггүй. Би үүнийг аль хэдийнэ таалчихсан” гэжээ.
Өдгөө 24 настай дэлхийн долоон удаагийн аварга Дрессел Риогийн олимпийн буухиа тэмцээнээс мөн хоёр алтан медаль хүртэж байсан түүхтэй. Ийнхүү тэрбээр олимпийн долоон алтан медальтай болж байна.
Калеб Дрессел “Би өөртөө тэмцээн бүр адилхан, ертөнц бүр адилхан гэж итгүүлэхийг хичээсэн. Гэхдээ ялгаатай юм байна лээ. Одооноос өөртөө худлаа хэлэхээ болино. 40 эсвэл 20 секундын уралдааны төлөө тамирчин хүн дөрвөн жил заримдаа таван жил бэлдэнэ гэдэг чинь өөр түвшнийх шүү дээ. Амьдралдаа ганц тохиох мөчид тамирчид төгс байхын тулд дөрөв, таван жил бэлддэг. Миний бодлоор АНУ усан спортыг маш удаан ноёллоо. Майкл Фелпс, Марк Спитз гээд л олон гайхалтай тамирчид бий. Би ч хийсэн зүйлээ үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ хэн нэгнийг ялах нь миний зорилго биш ээ. Би зүгээр л өөрийнхөө дээд чадамжид хүрэхийг зорьдог” гэжээ.
АНУ энэ удаагийн Токиогийн олимпийн усан сэлэлтийн спортоос хамгийн олон медалиа аваад байна. Тэд зөвхөн энэ спортоос 11 алт, 10 мөнгө, есөн хүрэл гээд нийт 30 медалийг авчээ.
Холбоотой мэдээ