БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 514 хүнийг өршөөлд хамруулжээ | News.MN

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 514 хүнийг өршөөлд хамруулжээ

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 514 хүнийг өршөөлд хамруулжээ

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга З.Баяржаргалтай ярилцлаа.


-Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт ямар байна вэ?

-2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль” 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага /Хүүхдийн хорих анги/,  441 дүгээр нээлттэй, 407 дугаар нээлттэй, хаалттай,  421 дүгээр нээлттэй, 409 дүгээр хаалттай хорих ангиуд харьяалагддаг.

Манай шүүхийн хувьд хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс баяр наадмын амралт эхлэх хүртэлх гурав хоногийн хугацаанд Өршөөл үзүүлэх тухай хуулийн  дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх/, мөн хуулийн зургадугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг /Ялаас өршөөн хасах/, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3  дахь хэсэг /Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих/ зэрэг зүйл заалтын хүрээнд шүүгч нар хорих ангиудад хуваагдан нийт 120 хүнийг өршөөлд хамруулах асуудлыг 22.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллан шийдвэрлэн ажилласан. 2021 оны долдугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус хуулийн хүрээнд ердийн болон зөрчлийн хэргээр өршөөлд хамрагдах хүмүүст холбогдох материалыг шийдэж байна.

-Хуулийн хүрээнд танай шүүхэд харьяалагддаг хорих ангиудаас хичнээн ялтныг өршөөн хэлтрүүлсэн бол?

-Дээр дурьдсан харьяалагдах хорих анги,  хорихоос өөр төрлийн ял зэрэг өнөөдрийн байдлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг /Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх/, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дах хэсэг /Ялаас өршөөн хасах/, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3  дахь хэсэг /Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих/ зэрэг зүйл, хэсэгт зааснаар нийт 514 хоригдол, ялтан өршөөлд хамрагдаад байна.

-Ял эдэлж байгаа хүүхдүүдийн олонх нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан уу. Ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд өршөөлд хамрагдаагүй вэ?

-Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага нь Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нийт 25 хүмүүжигч байсан. Үүнээс 12 хүүхэд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаад байна.

2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүй гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 5-12, 12-25, бүх насаар нь хорих ялтай зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдагдахгүй. Жишээ нь хүнийг алах, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах, хүн хулгайлах, авлигын гэмт хэрэг, мансууруулах сэтгэцэт нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, худалдан борлуулах гэмт хэрэг гэх мэт.

Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хаалттай тусгагдсан хэдий ч өсвөр насны хүүхдэд боломж олгосон хуулийн зохицуулалт нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасан өсвөр насны хүн 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, мал хулгайлах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэж зааснаар өвсөр насны хүүхдээс хоёр жил хасагдаж байгаа юм.

-Хуулийн хэрэгжилттэй холбоотой шүүхийн ачаалал багагүй нэмэгдсэн байх. Танай шүүхийн хувьд уртасгасан цагаар ажилласан. Хууль хэрэгжүүлэхэд хүндрэл байна уу?

-Шүүхийн ачаалал эрс нэмэгдсэн. Иргэд баяр наадмаас өмнө хүнээ хурдан суллуулмаар байна гэж их хандсан, бухимдлаа илэрхийлсэн. Гэвч  шүүх хуралдаан нарийн дэг процесс ажиллагаатай. Иргэдийг чирэгдүүлэхгүй үүднээс уртасгасан цагаар буюу 22.00 цаг хүртэл ажиллах нөхцөл бололцоог Шүүхийн тамгын газраас хангаж, эдгээр өдрүүдийн ачааллыг даван гарсан.

-Хуулийн тэгшитгэл хийнэ гэж ярьдаг. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн тэгшитгэл ямар байдлаар хийгдэж байна вэ. 2017 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуультай харьцуулбал?

-Нэг зүйлийн онцлоход, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аль ч цаг үед ачаалал, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтээрээ улсын хэмжээнд байнга өндөр байдаг. 2017 оны хуулийн тэгшитгэлд манай шүүхэд нутаг дэвсгэрээр харьяалагдах таван хорих ангид ял эдэлж байсан нийт 792 хүнийг хамруулан богино хугацаанд ачаалал ихтэй ажилласан байдаг.

-Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн иргэдийг өршөөлд хамруулах асуудал шүүхээр шийдвэрлэгдэж байгаа юу?

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1-д зааснаар бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн гүйцэтгээгүй байгаа, эсхүл, хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг өршөөн чөлөөлнө” гэж заасны дагуу Нийслэлийн Прокурорын газраас дүгнэлт үйлдэж ирүүлсэн нийт 72 хүнийг Зөрчлийн шийтгэлээс өршөөн чөлөөлсөн.

Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төв, Баривчлах байруудад очин шүүх хуралдаан явуулж, дээрхээс есөн зөрчилд холбогдогчийг эдлээгүй үлдсэн баривчлах шийтгэлээс чөлөөлөн, өршөөн хэлтрүүлсэн.  Харин үлдэх 63 зөрчилд холбогдогч нь баривчлах шийтгэлийг биеэр эдлээгүй байсан тул тэдгээрт холбогдогч нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаан явуулалгүй, шүүгчийн захирамж гаргаж, шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд холбогдуулан зөрчилд холбогдогчийг шийтгэлээс өршөөн хэлтрүүлэхтэй холбоотойгоор хүндрэл, бэрхшээл төдийлөн гараагүй гэж хэлж болно. Учир нь Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлийг шүүх 7-30 хоногийн хугацаагаар оногдуулдаг тул 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрөөс өмнө шүүхээр орж, шийтгэл хүлээсэн холбогдогч нарын олонх нь шийтгэлээ бүрэн эдлээд суллагдсан байсан.

-Эрх хасах, зорчих эрх хязгаарлах зэрэг хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүмүүст хууль хэрхэн үйлчилж байна вэ?

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж