Тойм: Спорт бол бэлтгэлтэй тамирчдын сэтгэл зүйн тулаан

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Токио 2020

Тойм: Спорт бол бэлтгэлтэй тамирчдын сэтгэл зүйн тулаан

Тойм: Спорт бол бэлтгэлтэй тамирчдын сэтгэл зүйн тулаан

Токио-2020 олимпийн наадмын албан ёсны 12 дахь /2021.08.03/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн барилдаанууд өчигдөр эхэлсэн. Энэ төрөлд Монгол Улсаа төлөөлөн Х.Болортуяа өрсөлдөв. Тэрбээр эхний барилдаанаа Энэтхэгийн Сонам Маликийн эсрэг хийж, 2-2 гэсэн харьцаатай тэнцсэн ч хамгийн сүүлд авсан бүхэл оноогоороо манай тамирчин ялалт байгуулав. Ийнхүү шөвгийн наймд үлдсэн Х.Болортуяа Болгарын Тайбе Юсеинтай ээлжит барилдаанаа хийж, 10-0 гэсэн харьцаатай харамсалтайгаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Хэрэв Болгарын Тайбе Юсеин финалд хүрсэн бол манай тамирчин дагах барилдаан хийх байв. Гэвч Болгар бөх хагас шигшээд Японы Юкако Кавайд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.

Үүний дараа орой 20.00 цагаас МУГТ С.Батцэцэг олимпийн хүрэл медалийн төлөө барилдсан. Тэрбээр 2012 онд Монголын чөлөөт бөхийн 32 жил тасраад байсан олимпийн медалийг авчирч байсан билээ. Тэгвэл энэ удаад дахин есөн жил тасраад буй чөлөөт бөхийн олимпийн медалийг авчрах гэж барилдсан.

С.Батцэцэг болон Киргизстаны бөх Мээрим Жуманазарова нарын хүрэл медалийн төлөөх барилдаан 10-1 гэсэн харьцаатай өндөрлөж, Мээрим Жуманазарова олимпийн анхны медалиа хүртэв.

Токиогийн олимпод тавдугаар байр эзэлсэн С.Батцэцэг:

-Цар тахлын улмаас тэмцээнд бага орсон. Олимпийн өмнө ганцхан тэмцээнд орсон. Мэдрэмж жаахан муу байна. Нигерийн бөх хамаагүй бяртай байсан. Ерөөсөө дөхөж очиж чадаагүй. Киргизийн бөх дээр санаа байсан боловч бодсоноо хийж чадаагүй. Дотроо бодоод л байсан. Өөрийнхөө барилдааныг гаргаад барилдаарай, чиний барилдаанд таарах хүн байна шүү гэж хэлсэн. 2015 оны барилдааныг минь сануулж, тэр үеийнхээ барилдааныг гаргаарай гэсэн. Дасгалжуулагчид маань сэтгэлээсээ ажиллаж байгаа. Сая буланд хамт гарсан н.Батбаяр, н.Баттулга багш нартаа маш их баярлалаа. Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсч байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье. Цай сүүнийхээ дээжийг өргөж ард минь байсанд баярлалаа.

Харин Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга:

-Зуны олимпийн XXXII наадмын чөлөөт бөхийн төрлийн гурав дахь өдөр өнгөрч байна. Бид нар олимпийн есөн эрх авсан. Жин бүрт дэлхийн шилдэг 16 тамирчин өрсөлддөг. Манай тамирчид аль хэдийнэ хоёр, гурав даваа давж энд ирсэн. Одоогоор бид хүрэл медалийн төлөө барилдаад байна. Маргаашнаас эхлэн дахин гурван өдөр зургаан тамирчин барилдана. Спорт бол бэлтгэлтэй тамирчдын сэтгэл зүйн тулаан байдаг. Бид нарыг дэмжиж байгаа ард түмэндээ баярлалаа. Дараагийн гурван өдөр сайхан барилдаануудыг үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. С.Батцэцэг эхний үе тактикийн дагуу барилдсан. Хоёрдугаар үед өрсөлдөгчийн дархан мэхэнд ороод оноогоо нөхөх гэж яваад тактикийн алдаа гаргалаа. Бүх тамирчид маань ялахын төлөө явж байгаа шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж