Хятадын поп од Крис Вуг залуу бага насны охидыг бэлгийн харьцаанд удаа дараа уруу татан оролцуулсан болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргээр саатуулсан болохыг Бээжин хотын Чаоян дүүргийн цагдаагийн газраас өнгөрсөн Бямба гаригийн орой мэдэгдлээ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр хятад нэр нь Ву Ифан буюу Вугийн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа аж.
Ийнхүү баривчилсан нь Хятадын нийгмийн сүлжээний платформ “Weibo” дээр Ду Мэйжү хэмээх 19 настай оюутан өдгөө 30 настай поп одын талаар цочирдом мэдэгдэл нийтэлсэнтэй холбоотой юм. Хятадын Харилцаа холбооны их сургуулийн оюутан тэрбээр 17 настай байхдаа Крис Вутэй танилцсан бөгөөд Ву түүнийг ажил хэргийн шугамаар буудлын өрөөндөө урьсан аж. Гэвч энэ уулзалт охин бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөр өндөрлөсөн байна.
Гэвч хэрэг явдал үүгээр дуусаагүй. Ду бүсгүйн хэлснээр Крис Ву хөөрхөн залуухан дагагч охидтой уулзалт зохион байгуулахыг фэн клубынхаа удирдлагуудаас байнга хүсдэг байжээ. Мөн бэлгийн хамтрагч нараа найзууддаа танилцуулж, хариуд нь тэдэнд үнэтэй бэлэг сэлт, бэлэн мөнгө зэргийг өгдөг байв.
Ву болон түүний төлөөлөгчид бүсгүйн мэдэгдлийг эрс няцааж, нэр төрд халдсан хэргээр шүүхэд гомдол гаргах болно гэсэн юм. Гэвч бүсгүй бууж өгсөнгүй мэдээллийн томоохон портал сайт “163.com”-д ярилцлага өгснөөр хүмүүсийн анхаарлыг улам бүр татах болжээ.
Хятадын өмнөд хэсэгт төрсөн, Канадын иргэншилтэй Ву өнгөрсөн сард "Weibo" цахим хуудаснаа дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм. Мөн түүний компани гүжирдэгчийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаар хөөцөлдөж байгаа гэж байв. Гэвч баривчилгааны дараа Хятадын цагдаагийн газраас Вугийн 51 сая дагагчтай хуудсыг нь устгажээ. Эрх баригч Коммунист намын улс төр, хууль эрх зүйн төв комисс өнгөрсөн Бямба гаригт Вуг саатуулсантай холбогдуулан цахим хуудаснаа "БНХАУ-ын газар нутагт Хятадын хуулийг дагаж мөрдөх ёстой. Бид баримтыг үндэс, хуулийг хэмжүүр болгон ажиллана" гэж мэдэгдсэн байв.
Ву нь Өмнөд Солонгосын алдартай “EXO” хамтлагийн гишүүн байсан бөгөөд 2014 онд хамтлагаасаа гарч бие даан уран бүтээл хийх болжээ. Тэрбээр олон кинонд дүр бүтээхийн зэрэгцээ “Burberry” зэрэг брэндүүдэд загвар өмсөгчөөр ажиллаж байв. Цаашлаад Францын тансаг зэрэглэлийн загварын бренд “Louis Vuitton”-оос 2018 онд “Брэндийн элч” өргөмжлөлийг хүртсэн юм. Гэвч хүчингийн хэргийн дуулиан гарсантай холбогдуулан “Bulgari”, “Porschе”, “Kans” зэрэг брэндийн түншүүд нь түүнээс зайгаа барьж, зарим нь бүр харилцаагаа тасалжээ. “Louis Vuitton”-ий төлөөлөгч долдугаар сард "CNN"-д өгсөн ярилцлагадаа хэргийн үнэн мөнийг шалгаж дуустал уран бүтээлчтэй харилцахгүй гэсэн юм.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS