Сурвалжлага: Шинэ орон сууцны үнэ өссөн ч эрэлт их байна

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шинэ орон сууцны үнэ өссөн ч эрэлт их байна

Сурвалжлага: Шинэ орон сууцны үнэ өссөн ч эрэлт их байна

Замын-Үүдийн ачаа тээврийн гацаанаас болж шинэ орон сууцны үнэ огцом өсчээ. Шинэ орон сууны үнийн өсөлтийг дагаад хуучин орон сууны үнэ ч нэмэгдсэн байв.

 Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах  “Парк Гарден” хотхоны  2-4 өрөө орон сууцны нэг метр квадрат /мкв/ нь 3.6-4.0  сая төгрөг болж байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд шинээр баригдаж буй “Верде Апартмент” орон сууцны нэг мкв нь 1.700.000 төгрөг байв. Өөрөөр хэлбэл, 2-3 өрөө шинэ орон сууцны зах зээлийн ханш 77-116 сая төгрөгт хэлбэлзэж байна. 

Нийслэл хот дахь шинэ орон сууцны дундаж үнэ 2020 оны 11-12 сард 2.450.000 байсан бол орон сууцны үнэ 2021 он гарсаар эрчимтэй өссөөр  дундаж үнэ 2.671.000 төгрөгт хүрчээ. 

Эдийн засаг хямарч, ард иргэдийн ашиг орлого буурсан атал  орон сууцны үнэ ийнхүү  өссөн шалтгаан нөхцөлийн талаар сурвалжиллаа.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах Нэхмэлийн шарын дахин төлөвлөлтөд “Фүжи девелопмент” ХХК-ийн “Хан-Уул” цогцолбор D блок баригдаж байна. Тус барилга нь  2021 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох бөгөөд хил дээрх ачаа тээврийн түгжрэлээс болж  барилгын материалын үнэ өсөхөөс өмнө метр квадрат нь  2.8 сая төгрөг байжээ. Харин өнөөдрийн байдлаар тус орон сууцны нэг мкв нь өмнөх үнээсээ 15-20 хувиар өсч 3.150.000 болсон байна.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЗАХ ЗЭЭЛД ДУНДЖААР 2.8 САЯД ХҮРНЭ

Ийнхүү мкв-ын үнэ өссөн шалтгааныг “Фүжи девелопмент” ХХК-ийн маркетингийн менежер Б.Тулга тайлбарлахдаа “Барилгын материалын үнэ өмнөхөөсөө 15-45 хувиар өссөн. Тиймээс орон сууцны мкв-ын үнэ дагаад  өсч байна. Нийслэлийн хэмжээнд барилга, орон сууцны 228 төсөл иргэдээс идэвхтэй захиалга  авч байна. Үүнээс гадна барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалаад  барилгын ажил нь зогссон 91 төсөл бий. Зарим компаниуд  төслийн эрхээ өөр мөнгөтэй компанид худалдаж байна. Импортын бараанаас бүрэн хамааралтай Монгол Улсын хувьд үнийн өсөлт нь  компаниудад хамгийн хүндээр тусдаг.

 Зарим компаниудын барилгын материал хугацаандаа ирээгүйн улмаас барилга  угсралтын хугацаа хойшилж байна. Үүнээс болоод захиалга өгсөн иргэд орон сууцандаа орох хугацаа нь мөн хойшилно гэсэн үг. Шинэ орон сууц худалдаж авах эрэлттэй 98 мянга орчим айл бий. Цаашид барилгын материал, түүхий эдийн үнэ буурсан ч зах зээлд нийлүүлэгдэж буй шинэ орон сууцны тоо, орон сууц худалдан авах иргэдийн эрэлтээс давах боломжгүй. Тиймээс өсөлт үзүүлсэн үнэ цаашид ч прогрессив үнийн өсөлт үзүүлэх хандлагатай байна. 2021 оны долдугаар сараас 2022 оны зургадугаар сар хүртэлх таамгаар орон сууцны үнэ зах зээлд дунджаар 2.8 саяд хүрэхийг  онцлов.

96 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ЗАХИАЛГА ДҮҮРЭХЭД НЭГ Л АЙЛ ҮЛДСЭН

Дараа нь бид нийслэлийн захын дүүрэг болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд  хэрэгжиж буй “Serene Town Mongolia” хотхоныг зорилоо. Төслийн хүрээнд 40 гаруй блок 4000 айлын орон сууц сургууль, цэцэрлэгийн барилга спорт комплекстэй баригдана. Одоогоор гурван  блок орон сууц ашиглалтад орсон бол  4,5 дахь блок баригдаж байна.  Мкв-ын үнийн хувьд хоёр сая төгрөг.

Тус төслийг хэрэгжүүлэгч “Батххэрэйд” ХХК-ийн  борлуулалтын менежер Э.Гантөмөр “Иргэдийн эрэлт их байна. Худалдан авалт муудсан зүйл ажиглагдсангүй. Барилгын материалын үнэ өсөхөөс гадна барилгын  үнэлэмж өөрөө давхар өсөөд эхэлсэн учраас мкв-ын үнэ цаашид ч өсөх хандлагатай байна. Дан ганц арматур төмөр,  бетон гэлтгүй  бусад жижиг хэрэгсэл хүртэл үнэ нь өссөн. Ширхэг хадаасны үнэ өсөхөд орон сууцны үнэд өөрчлөлт орж таарна. Одоогоор дөрөв дэх блок баригдаж байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд 96 айлын орон сууцны захиалга дүүрэхэд нэг л айл үлдсэн. Тав дахь барилга  ирэх оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иргэд байрны үнэд анхаарал хандуулахаас илүү амьдрах тав тухтай орчныг анзаардаг болсон” гэлээ.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Хууль сахиулахын их сургуулийн замын урд, Шинэ Анагаахын сургуулийн хойно шинээр баригдсан “Ботаник центр” хотхон “мкв нь 2.2 сая төгрөг. Нийт есөн блок барих баригдахаас өнөөдрийн байдлаар зургаа нь ашиглалтад ороход бэлэн болжээ. Үлдсэн гурван барилга нь барилгын материал байхгүйн улмаас ажил нь зогссон байна.

Улсын комисс хүлээж авсны дараа мкв-ын үнээ 500 мянган төгрөгөөр өсгөж 2.5 сая төгрөг болгоно гэдгийг ч борлуулалтын ажилтан нь дурдав. Барилгын материалын үнийн өсөлтөөс өмнө мкв нь хоёр сая төгрөг байжээ.

Гэвч барилгын материалын үнэ, тээврийн зардал, ажилчдын цалин хөлс зэргээс шалтгаалж үнэд өөрчлөлт орсон байна. Эндхийн ажилтан “Энэ хавиар барилгын материал байхгүй ажил нь зогссон олон компани бий. Ширхэг хадаасаа ч өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй барилгын бүх материалаа гаднаас импортлохоор хил гааль хаагдахад л юмны үнэ өсч байна. Арматур төмөр гэхэд 3 сая төгрөгт хүрсэн. Үнэ нь өмнөхөөсөө  50 хувь өссөн. Барилгын салбар нь улирлын шинж чанартай богино хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг хийдэг. Манайх гэхэд үлдсэн гурван байраа барих гэтэл зуны гурван сард барилгын материалаа хүлээгээд ажил эхлээгүй”  гэдгийг ч хэлж байсан юм.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 79.1 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй, өмнөх улирлаас 0.4 хувиар өссөн гэж мэдээлсэн. Тухайлбал, орон сууцны үнэ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс Баянгол дүүрэгт 1.1 хувь, Сүхбаатар дүүрэгт 1 хувь, Хан-Уул дүүрэгт 0.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.6 хувиар тус бүр өссөн байна.

11 жилийн дотор ингэж огцом нэмэгдсэн байрны үнэ, иргэдийн гар дээр авч буй цалин хөлс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулбал даанч өрөвдмөөр тоо гарах нь ойлгомжтой.

БАРИЛГЫН ҮНЭ НЭГ МКВ  ТУТАМД 169.000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН

Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга "Барилга байгууламжийг бий болгох барьж байгуулах ажил нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэлүүд, хуванцар цонх хаалга, бусад туслах материалуудын үнэ дэлхийн зах зээл дээр болон дотоодод худалдан борлуулах үнэ огцом өссөн. Зарим бүтээгдэхүүний хомсдол бий болсон, татан авалт, тээврийн үнэ өссөн зэрэг олон шалтгаан бий. Дээр дурдсан үнийн өсөлт 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэнэ. Жишээлбэл, 2020 онд мкв барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын үнийн өсөлтөөр 349.2 мянган төгрөг болж өссөн байна.

Үүнээс харахад 2020 онд 1 мкв барилгын төсөвт өртөг 1.358.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг мкв  тутамд 169.000 төгрөгөөр өссөн. 

Барилгын ажлын хувьд газар шорооны ажил, суурийн ажлуудаа эхлүүлж, барилгын материалын татан авалтуудаа хийх цагаар хөл хорио тогтож, Эрээн-Замын-Үүд хоорондох хил хаагдсанаас шалтгаалан материалын тээвэрлэлтийн үнэ огцом өссөн. Үнийн өсөлтийн асуудал нь ганц манай яамны асуудал биш. Засгийн газрын түвшинд шийдвэрлэх хэд, хэдэн асуудлууд байна.  Тус асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна" гэлээ. 

БАРИЛГЫН САЛБАРТ ФЕОДАЛЫН НИЙГМИЙН ҮЕИЙН БАРТЕРИЙН ХАРИЛЦАА ЗОНХИЛОХ БОЛСОН

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж “Барилгын материалын үнэ, орон сууцны болон оффисын барилгын 60 гаруй хувийг эзэлдэг нь үнэд зайлшгүй нөлөөлдөг. Гэвч компаниуд үндэсний барилгын материалын үйлдвэрүүдээ дэмжиж бүтээгдэхүүнийг нь худалдан авдаггүй. Импортын чанарын баталгаа гарал үүслийн гэрчилгээгүй материал их хэмжээгээр нийлүүлж үйлдвэрүүдийг зах зээлгүй болгодог. Тиймээс дотоодын  үйлдвэрүүдийн хувьд алдагдлаа нөхөхийн тулд арга буюу үнээ нэмэхэд хүргэдэг нь нууц биш. Барилгын материалын үйлдвэрүүд, банк, барилга угсралтын компаниуд хоорондоо санхүүгийн ямар ч уялдаа холбоогүйгээс барилгын салбар бүхэлдээ феодалын нийгмийн үеийн бартерийн харилцаа зонхилох болсон.

Ипотекийн зээлээр зөвхөн орон сууцны барилгын санхүүжилтыг зохицуулж байгаа нь барилгын салбар бэлэн мөнгөний урсгалын асах их хомстолд орж эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкиудаас өндөр хүүтэй авч хүүгийн алдагдалд, орж хөрөнгөжиж чадахгүй байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг зургаан том бүлэгт хувааж 50 гаруй нэр төрлийн түүхий эд материалыг гаалийн албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг боловсруулан Барилга хот байгуулалтын яаманд уламжилсан. Цемент арматурын үйлдвэрүүдийн цахилгааны хэрэглээг хөнгөлөлтөд хамруулахын тулд Засгийн газрын тогтоолын төсөл  боловсруулж 17 яам болон УОК –оос тус, тус санал авсан. Гэвч сангийн яам, УУХҮЯ татгалзсан хариу өгсөн" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж