Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ. Тэрбээр 2010 онд топ моделийнхоо титмийг хүртсэн билээ. Загварын салбартаа өөрийн дүр төрхөөрөө ялгарч чадсан түүний хувьд сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн бизнест хүч үзэх болсон. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Топ модель бүсгүй загварын салбараас үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөл тавих болсон тухай яриагаа эхэлье?
-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бол миний карьерийн хамгийн зөв нүүдэл болсон. Би 2016 онд анх үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентаар үл хөдлөхийн ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед "V" телевизэд мэдээний анкор хийхийн хажуугаар "Ninedots" модель агентлагийг ажиллуулж байсан. Тэгээд “RE/MAX Capital” оффист ажиллаж байсан үеэл ах маань нээлтийнхээ үйл ажиллагаанд урьж, дараа нь биечлэн уулзалт хийж компанийнх нь систем, үйл ажиллагаатай танилцсан.
Хамгийн гол нь хувь хүн өөрийнхөө бизнесийг эхлүүлж цагийн менежментээ хийж, хийсэн үр дүнгээсээ цалинжаад ажиллахаас гадна хувь хүний хөгжил талаасаа маш их зүйл сурч хөгжих боломжтой юм байна гэж бодогдсон.
Манай нөхөр “Үл хөдлөхийн бизнес Монголд ирээдүйтэй. Энэ салбарт ажиллаад үзвэл яасан юм бэ” гэж надад зөвлөсөн. Ер нь нөхрийнхөө алсын хараанд үндэслээд, бас олон улсын компани учраас энэ салбарыг сонгосон. Миний хувьд анх ажиллахдаа загвар өмсөгч мэргэжлийнхээ онцлогоос гарч чадахгүй, өөрийгөө их хайрцаглаж байсан. Энэ хугацаанд чамгүй туршлагыг хуримтлуулсан.
-Таны хувьд өнгөрсөн хугацаанд агентаас эхлээд брокер эзэмшигч хүртэл дэвшин ажиллажээ. Тэгэхээр салбарынхаа жаргал, зовлонг маш сайн ойлгодог байх?
-Энэ бизнес нь их буянтай ажил гэж боддог. Үл хөдлөх хөрөнгө зуучлагч, хүний амьдрах орон байр, ажиллах орчинг нь хамтдаа сонгож, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхэд нь мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлдэг. Намайг бага байхад манайх их олон удаа нүүж байсан. Аав, ээж хоёр минь ч гэсэн хүч хөдөлмөрөө шингээж, бүх зүйлээ зориулж олсон орлогоо цуглуулан амьдралдаа маш том сонголт хийж байсан.
Хүн хэдэн төгрөгөөрөө хаана юу авах нь чухал биш. Энэ болгоны ард хөдөлмөрлөсөн хүний түүх бий. Хүмүүсийн энэ үнэт зүйлийг хүндэтгэх хэрэгтэй гэж боддог. Тиймээс үл хөдлөх худалдах, худалдан авах сонголтод нь зөвлөж, хамтдаа нээлттэйгээр маш сайн ярилцах шаардлагатай байдаг. Үйлчлүүлэгчийнхээ цаг хугацааг хэмнэж, бодлыг нь бодит болгож ажиллах нь чухал юм. Амжилттай ажиллахад хувь хүний хүнлэг чанар энэ салбарт их нөлөөлдөг. Мэдээж өрсөлдөөнтэй салбар учраас хурдтай ажиллах хэрэгтэй.
-“REMAX NOMAD” брокер оффисоо байгуулах болсон тухайгаа ярихгүй юу?
-Миний хувьд дөрвөн жил тасралтгүй ажиллахдаа чамлахааргүй амжилттай ажилласан. Манай нөхрийн хувьд "Brainstorm branding"-ийн компаниа удирдаад найм дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Бид хоёр бага охиноо 2020 оны нэгдүгээр сарын 1-нд угтан авсан. Тэгээд зун нь гэр бүлээрээ аяллаар явж байхдаа нөхөр бид хоёр ярилцаад өөрсдийн оффисоо нээхээр төлөвлөсөн. Тэгээд 2020 оны есдүгээр сарын 9-нд албан ёсоор 49 дэх брокер болж “RE/MAX Nomad” брокер оффисынхоо франчайс гэрээнд гарын үсгээ зурж гэр бүлийн хамтын бизнесээ эхлүүлсэн.
Ер нь бүх зүйл хоосноос эхэлдэг. Зөв бодол, зөв зорилгоо цаасан дээр буулгаад үе шаттайгаар үйлдэл болгож зорилго руугаа алхам алхмаар ахиж байна. Арваннэгдүгээр сараас үйл ажиллагаагаа дөнгөж эхлээд дөрвөн хөл хорионд орсон ч баг хамт олноороо нэгдэж, хамтдаа ард нь гарч чадсан. Энэ оны хагас жилийн байдлаар үзүүлэлтээрээ нийт 58 брокер оффисуудаасаа хоёрдугаарт шалгарсан. Энэ бол манай хамт олны маш олон хүний хичээл зүтгэл, хамтын хүч юм.
-“Таны дараагийн нүүдэлд хамтдаа” уриа үг их онцгой санагдлаа. Үл хөдлөх хөрөнгийн салбар үргэлж нүүдэллэж байдаг шүү дээ. Таны хувьд маш олон хүнд амьдралдаа нүүдэл хийхэд тусалдаг байх?
-Энэ урианы үндсэн агуулга нь та дараагийн нүүдлээ хийхээр төлөвлөж байгаа бол бидэнд хандаарай. Судалгаанд суурилсан мэргэжлийн үйлчилгээгээрээ таныг дараагийн нүүдэлд тань хөтөлж чиглүүлэх болно. Энэ бол бидний гол зорилго. Харин амьдралдаа хийдэг дараагийн том нүүдэл бол карьерийн нүүдэл юм. Энэ нүүдэл бол маш том сонголт юм. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийг маш олон хүн сонирхдог.
Гэтэл өөрийнхөө үндсэн мэргэжил юм уу олон жил хийсэн ажилдаа уягддаг. Яг хайрцагнаасаа гаръя гээд зориглоход сарын тогтмол цалинтай ажлаасаа гарахад эргэлзээ үүсдэг. Эсвэл цалингийн зээлдээ уягдаад зээлээ төлж чадахгүй болчихвол яах вэ гэж айдаг.
Зорилготойгоор сонголтоо хийвэл таны кареарийн дараагийн нүүдэлд "RE/MAX NOMAD" хамтдаа байх болно. Манай оффисын агент эгч маань 20 гаруй жил нягтлан хийж байгаа бөгөөд одоо үл хөдлөхийн зуучлагчийн ажлаа эхлүүлээд сарын дотор л гэхэд есөн сая гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадаж байна.
-Энэ жил цар тахлын улмаас хөл хориог хэд хэдэн удаа тогтоосон. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөл хорио хэрхэн нөлөөлөв?
-Энэ оны хагас жилийн "Тэнхэг зууч" компаниас гаргадаг "Red report" тайлан судалгаатай тун саяхан танилцсан. Статистик судалгаа ч тэр "RE/MAX Mongolia" бүсийн сүүлийн борлуулалтын тайланг харахад хөл хорио үл хөдлөхийн зах зээлд эерэг нөлөө үзүүлсэн.
Өөрөөр хэлбэл, хөл хорио хүмүүсийн амьдралдаа гаргах шийдвэрт нөлөөлж байна. Хөл хорионоос хөл хорионы хооронд үл хөдлөх тал дээр ажиллах амьдрах орчиндоо аль алинд нь өөр шаардлага тавьж эхэлсэн. Үүнээс гадна энэ өсөлтөд нөлөөлөх хэд хэдэн хүчил зүйлс ч бас байгаа. Улсын мөнгөний бодлого, банкны зээлийн хүү, хадгаламжийн хүү, ипотекийн зээлийн олголт гэх мэтчилэн.
"RE/MAX Nomad" оффисын онцлог гэвэл?
-"RE/MAX Nomad" оффисын хамт олон бол үл хөдлөхийн салбарын хамгийн "MAD" эрч хүчтэй хамт олон байгаа. Агентуудынхаа ажил мэргэжлийн онцлогт тулгуурлан MAD/training, MAD/experience, MAD/tour, MAD/night, Agent of the week гэх мэтчилэн олон төрлийн маркетингийн үйл ажиллагаа, сургалтууд, тогтмол зохион байгуулж байна. Хамгийн гол нь хоорондоо хамтран ажиллаж бие биенээсээ суралцаж багийн хүчээр зорилго руугаа тэмүүлж байна.
Үл хөдлөхийн салбараас гадна өөр салбарын мэргэжлийн хүмүүсийг урьж сургалтад явуулдаг. Борлуулалтын сонирхолтой урамшуулал зарладаг. Ойрын хөтөлбөр бол болзол хангасан агентуудтайгаа ирэх оны долдугаар сард Сөүлд болох "Ultra music festival"-руу явна. Цаашдаа оффисынхонтойгоо дэлхийгээр аялахыг зорьж байна.
-Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар үйлчлүүлэхийн давуу тал?
-Цаг бол алт. Та үл хөдлөх хөрөнгө худалдах эсвэл худалдаж авах аль нь ч байсан мэргэжлийн зуучлагчтай хамтран ажилласнаар таны алтан цагийг хэмнэнэ. Өдөрт хэдэн арваар зогсохгүй дуудлагад хариулна. "Үл хөдлөх хөрөнгө үзье" гэсэн хүмүүстэй таны өмнөөс цаг товлоод үзүүлчихнэ. Хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
Оновчтой сувгуудыг ашиглан сурталчилгаагаа явуулна. Нэг үл хөдлөх хөрөнгө зарагдаж байгаа дундаж хугацаа "RE/MAX" компанийн хувьд 48 хоног байгаа. Тэгэхээр энэ хугацааг аль болох алдахгүй, улам богино хугацаанд байлгахын төлөө таны өмнөөс ажиллана.
-Барилгын материалын үнэ огцом өссөн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Үнийн өсөлт аль хэдийнэ мэдрэгдэж эхэлсэн. Шинэ байрнууд материалын үнийн өсөлтийг дагаад метр квадрат тутамд дунджаар 300 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ нь шинэ, хуучин ч гэдгээсээ хамаарахгүй үнэ нэмэгдэж байна. Тонн тутамдаа арматур төмрийн үнэ өсөөд ирэхээр нэгж бүр дээр ирж байгаа үнэ ялгаагүй өсч байгаа. Бусад барилгын материалууд хүртэл гацалттай, хил дээр олон хонож байна. Оны өмнөх захиалгын үнэ оны дараах хоёр өндөр ялгаатай болсон.
-Залуусыг зөв зүйлд уриалж байдаг хосуудын хувьд нэг салбарт ажиллаж байгаа нь давуу тал болдог байх?
-Бидний хувьд хамтдаа гэр бүл болоод 10 жил болсон байна. Бүр анх сайн найзууд байсан. Найз нөхөрлөлийн хүрээнээс хосын харилцаагаа эхлээд таван жил хамтдаа амьдарч байгаад анхныхаа охиныг өлгийдөн авсан. Энэ бол бидний амьдралын суурийг маш сайн тавьсан гэж боддог. Олон сонирхолтой тэмцээн уралдаанд хамтдаа амжилттай оролцож байсан. Хамтдаа баг болж чаддаг гэж бодож байна. Олон зүйлд бие биеийгээ сонсч, чиглүүлж, алсаа хамтдаа харж чаддаг байх нь давуу тал болов уу. Асуудал гарвал бие биеэ сонсч, хүлээцтэй ханддаг.
-Топ модель загварын тайзнаасаа бүрмөсөн буугаагүй биз дээ?
-Миний хувьд 13 наснаасаа загварын салбарт хөл тавьсан гэхээр 18 жил хийж байгаа ажлаасаа суралцаж, хөгжиж, эрч хүчээ аваад сурсан. Хамгийн гол нь би энэ салбараасаа өөрийгөө ялан дийлэх сэтгэл зүйг олж авсан. Энэ нь хамгийн том амжилт минь юм болов уу. Бидний амьдрал боломжоор дүүрэн байдаг.
Тиймээс миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Зоригтой байгаарай. Яг энэ агшинд өөрийнхөө хийх ёстой сонголтыг зоригтойгоор хийгээрэй. Энэ бол таны боломж. Та боломжоо нээ” гэж хэлье.
Холбоо барих утас: 78080000
Гэрэл зургийг Г.ЭНХЖИН
Холбоотой мэдээ