Шатахууны импортоо чөлөөлье

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Шатахууны импортоо чөлөөлье

Шатахууны импортоо чөлөөлье

ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ

Монголд шатахууны үнэ буурч байсан тохиолдол тун чиг ховор. Дэлхийн зах зээлийн үнэ гээч шатахуун импортлогч нарт үнээ нэмэхэд л хэрэг болдог бол буурахад түй ч хамаагүй. Засгийн газрын мяндагтнууд 300 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнийг нэг хоногийн дотор 100 төгрөгөөр бууруулахаа амлан биднийгээ “гийгүүлэв”. Тогтоосон үнээс гадна байнгын иргэдийн дургүйцлийг хүргэдэг зүйл нь шатахууны чанар. Дутуу шахдаг гэх гомдол тасрахгүй агаар иргэд 5-10 литрийн хэмжээтэй саванд шатахуунаа хийлгүүлж аваад дараа нь машиндаа хийдэг байсан үе ердөө 13 жилийн өмнөх дүр зураг. Гэвч өдгөө ул болсон явдал нь шатахуун түгээгүүрүүд шатахуунаа гүйцэт шахдаг болчихсондоо бус. Монголын түүхэнд хар мөр үлдээсэн 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас ил шатахуун борлуулахыг хориглосон юм. Тэрхүү онд бас нэгэн үйл явдал болсон нь Оросын Роснефтийн 100 шатахуун түгээх станц орж ирүүлэх хүсэлтийг С.Баярын Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлсэн явдал байв. Ийнхүү тэдний хүсэлтийг хэлэлцсэн шалтгаан нь шатахууны үнэ, хомсдол байв. Тэр цагаас л эхлэн шатахуун импортлогч нарт татаас өгөх болсон бөгөөд элдэв татварын хөнгөлөлт эдлүүлдэг болсон ч шатахууны үнийн өсөлтийн хурдыг багасгаж байснаас бууруулсан түүх үгүй билээ. Тэгнэ гэдгийг Ерөнхий сайд С.Баяр урьдчилж харж байсан бөгөөд “Ойрын арван жил муугаа үзье гэвэл энэ замыг сонгож болно” гэж төрөөс татаас олгохыг хэлж анхааруулж байв. Тухайн үед С.Баярыг зүхэж, эх орондоо бус Орост элэгтэй гэж баалсаар болиулсны ард хэн байсныг одоо хэлэх нь илүүц биз.

Гашуун ч гэлээ С.Баяр үнэнийг хэлж байжээ. 13 жилийн дараа ч бид бас энэ асуудлаа өндөр түвшинд хэлэлцсэн хэвээрээ. Тэр жил ч нефть боловсруулах үйлдвэр ярьж байсан одоо ч ярьж л байна. Ер нь Монголын анхны Ерөнхийлөгч цагаан дээлийн энгэрээ газрын тосоор тосолсноос хойн гээд тооцвол лав 30 жил ярьжээ. Монголбанктайгаа нийлээд шатахуун импортлогчдоо дэмжих тухай ярьж байна.

МУУ НУУХААР САЙН ИЧЛЭВ  

Шатахууны үнийн өсөлтийн талаар холбогдох байгууллагын төлөөлөл, салбар хариуцсан сайд өчигдөр мэдээлэл өгөх үеэр шатахууны үнийг сонгуулийн жилүүдэд хүчээр барьсан нь ил болов. Үүнийг батлан Уул уурхай,  хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газар шатахууны үнийг зохицуулах арга хэмжээ авч ирсэн. Ингэснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд 2020 оны нэгдүгээр сард /ААН/ тодорхой хэмжээний алдагдал хүлээж эхэлсэн. Нэгдүгээр сараас эхлэн зургадугаар сарын сүүл гэхэд ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн” гэлээ.

Гэтэл шатахууны үнийг өсгөхгүйн тулд импортлогчдод татварын хөнгөлөлт, төрөөс бага хувийн хүүтэй зээл олгох нь амь аргацаасан бодлого төдийгүй хорлосон явдал бөгөөд үүний төлөөс нь иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр буух аж.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч байхдаа Б.Лхагважав “2013 онд баррель нефтийн үнэ 120 ам.доллар байхад Монгол Улсад шатахуун 1650 төгрөг байсан. 2016 онд 28 ам.доллар болчихоод байхад шатахууны үнэ буурахгүй хэвээрээ л байсан. Шатахуун түгээх станцууд хомсдол үүсгэж тоглолтоо эхлэнгүүт Монголбанкнаас 120 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл яаравчлан олгож байсан удаатай” мэдэгдэж байсан удаатай. Шатахуун импортлогчдын ашиг сонирхлыг Монголын төр байнга хангаж ирсэн бөгөөд сүүлдээ өөрсдийн төлөөллөө хууль тогтоох байгууллагад оруулах замаар эрх ашгаа хамгаалдаг болсон.

ХЯНАН ШАЛГАХ ХОРОО

Коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн Ардын хянан шалгах хороог санагдуулам нэгэн байгууллага өсөн өндийсөн нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа явах ёстой үнийн өсөлт бууралтыг энэ байгууллага хүчээр зохицуулахыг оролдох болов. Цар тахлын үед энэхүү байгууллагын үнэн нүүр царай улам бүр тодорсон бөгөөд олны танил гэх дуучинтай нийлээд импортын бараа борлуулж буй ТҮЦ-ийн худалдагчид сүрийг үзүүлсэн нь өнөө цагийнханд таалагдсангүй. Хамгийн сүүлд эл байгууллага иргэдийн нэрийн өмнөөс шатахуун импортлогчдыг шалгаж, шаардлага хангаагүй зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа хүргүүлээд буй. Асуудал тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар шийдэгдэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Монголын шатахуун импортлогчид чанаргүй шатахуун нийлүүлдэгээс иргэд өмч, хөрөнгөөрөө хохирдог нь ч үнэн. Гэхдээ нэгийг нь цуцалж нөгөөд олгосноор чанартай шатахуун нийлүүлэх нь юу л бол…

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БУЮУ ДАРАМТ

Монголд шатахуун, шатах тослох материал, хий импортлогдод тусгай зөвшөөрөл олгодог. Тэрхүү зөвшөөрлийг авахын тулд дээс томж найзыгаа аврахаас хэцүү бөгөөд энгийн нэгэн компани түүнийг авч импортлогч болно гэдэг давахгүй даваа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй этгээд 32 төрлийн бичиг баримт бүрдүүлэх бөгөөд тоон дотор үсэг гэдэг шиг юм болно.

Авсан тусгай зөвшөөрлөө сунгуулах бол дахиад л есөн бичиг баримт бүрдүүлнэ. Дээр нь агуулах, шатахуун түгээх станцын техник технологийн дүгнэлт гаргуулах бол 22 бичиг баримт бүрдүүлж байж сая авдаг. Монголд авлигагүйгээр, төрийн дэмжлэггүйгээр явдаг бизнес тун ховор бөгөөд түүнд зарцуулсан мөнгөө бараа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээдэг бөгөөд эцэстээ хэрэглэгчдийн нуруун дээр бууна. Ийм л дарамтан дор Монгол Улс “майжигнаж” байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УСТГАЯ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа СТӨ-нд хүний суртлын баталгаа болсон төрөөс олгодог элдэв зөвшөөрөл, тусгай эрх зэргийг урсан нь цугласан олныг баярлуулж байв. Түүнээс хойш төрөөс олгодог элдэв тусгай зөвшөөрөл, хяналт, шалгалт нэмэгдсээр иржээ.

Үүнээс хойш 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч О.Магнай “Яагаад бүгд төрийн албан хаагч болох гэж дайрч байна гэхээр төр тэр чигтээ авлига. Энэ бүх авлигыг бий болгодог тусгай зөвшөөрлийг байхгүй болгох ёстой. Иргэдэд эдийн засгийн эрх чөлөө өгөх ёстой” гэсэн олон сонгогчдод таалагдсан билээ.

Үнэндээ хамгийн өндөр стандарттай Европын шаардлагыг хангаад бизнес эрхлээд байгаа монголчууд эх орондоо ирээд дампуурахдаа тулаад буцаад гадагш гардаг нь чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үйлдвэрлэсэндээ бус хүнд суртлыг нь дийлдэггүйтэй холбоотой. Нэг бол төрийн хүнд суртал, тусгай зөвшөөрлийг нь авлигаар шийдэж ажиллах эсвэл дамруулах болдог учраас тэд эдийн засгийн эрх чөлөөг илүүд үзэн буцаад гардаг. Ардчилсан хувьсгалын дараах хямралыг давж, давснаас өөр зүйлгүй хоосон лангууг төрийн бодлогоос илүү ганзагын наймаачдын хөл дүүргэсэн. Өнөөгийн бидний хүрээд буй зах зээлийн чадавхийг эр, эмгүй “гахай” үүрсэн явдал бий болгосон билээ. Тухайн үед тусгай зөвшөөрлөөр асуудлыг шийддэг байсан бол өнөөдөр Монгол бахь байдагтаа байх байв аа.

БАЙХГҮЙГЭЭС БАЙДАГ БОЛСОН НЬ

1990-ээд оны эхээр Монголд ирж ажиллаж буй гадаадууд хамгийн түрүүнд сурдаг нь “байхгүй” байсан гэдэг. Учир нь тухайн үед дэлгүүрт ороод ойр зуурын хэрэглээний зүйлээс асуувал урдаас нь ганц үг хэлдэг байсан нь “байхгүй”. Харин өнөөдөр Хятад, Оросууд Монголд ирж шопинг хийтлээ байдаг болжээ. Энэ хооронд Хятадын чанар муутай бараагаар нэгнээ хулхидаж байсан ч тэдний зохицуулчихсангүй. Чөлөөт эдийн засгийн жамаараа хэрэглэгчдийн сонголт үгүй болгов. Өнөөдөр Монголд үйлдвэрлэгчид байхгүй ч бараа, бүтээгдэхүүний чанар, хямд үнэ, хоолны амтаараа аж ахуйн нэгжүүд өрсөлдөж орлогоо олж байна. Ганц, хоёрхон салбар л төрөөс оролцоотой байдаг нь шатахуун, цахилгаан, эрчим хүч. Гэтэл энэхүү оролцоо, тусгай зөвшөөрөл, татварын хөнгөлөлт зэрэг нь улам л үнийг нь өсгөөд байснаас бууруулж байсангүй. Тиймээс шатахууны үнийг зах зээлийн жам ёсоор нь чөлөөлж, тусгай зөвшөөрлөө үгүй хийгээд энэ салбарт цөөн хэдэн тоглогчдыг бус хэн хүссэн нь оролцох бололцоог бий болгох л одоохондоо хамгийн зөв зам байх шиг. Эдийн засгийг далд гар аяндаа шатахууны үнийг бариад эхлэх вий. Тиймээс төрийн зүгээс хамгийн сайн хийж чадах ажил бол тусгай зөвшөөрлөө урж хая.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж