Дэлхий дахинаа Михаин Лопез гэх нэр төдийлөн танил биш ч Куба улсад үүн шиг алдартай нэр үгүй. Өчигдөр/2021.08.02/ олимпийн сонгомол бөхийн 130 кг-ийн тэмцээн явагдаж, Кубын алдарт бөх Михаин Лопез дөрөв дэх удаагаа олимпод түрүүлэв. Тэрбээр алтан медалийн төлөө Гүржийн Иакоби Кажайатай барилдаж, 5-0 гэсэн харьцаатай ялсан.
“Эррадурагийн үлэмж биетэн” хэмээх хочтой Михаин Лопез 2008, 2012 онуудын олимпийн сонгомол бөхийн 120 кг-ийн жинд түрүүлж байсан бол 2016, 2021 онуудад 130 кг-д дараалан түрүүллээ.
Михаин Лопез ийнхүү олимпийн дөрөв, дэлхийн тав, Пан-Америкийн таван удаагийн аварга болж байна.
Түүн шиг дөрвөн олимп дараалан алтан медаль хүртсэн тавхан тамирчин бий. Тодруулбал, сэлүүрт завины тамирчин Пол Эвстроем, хөнгөн атлетикийн тамирчин Карл Льюис, чөлөөт бөхийн тамирчин Каори Ичо, усан сэлэгч Майкл Флепс, таваг шидэгч Аль Өртер нар.
Өдгөө 38 настай Михаин Лопез багадаа боксын тамирчин болохыг хүсдэг байсан ч нэгэн бөхийн багш түүнийг сонгомол бөхийн спорт руу уруу татжээ. 2008 онд хоёр хөлөө хугалж, хүнд байдалд орсон ч тэрбээр их спортоо орхисонгүй. 2016 оны Риогийн олимпоос хүртсэн алтан медалиа эх орныхоо алдарт удирдагч Фидель Кастрод зориулж байв. Мөн тэрбээр Токиогийн олимпийн нээлтийн үйл ажиллагаанд Куба улсынхаа тугийг барьж, жагссан билээ.
Түүний фэнүүд шүтээнээ 2024 оны Парисын олимпод харна гэдэгтээ итгэлтэй байна.
Сонирхуулахад, Лопезын дүү Майкл Лопез 2004 оны Афины олимпод эх орноо төлөөлөн боксын төрөлд оролцож байсан нэгэн.
Холбоотой мэдээ