“Шатахууны үнийг жил гаруйн хугацаанд тогтмол нэг түвшинд барьсан энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 19.9 ам.доллараас 74 ам.доллар хүртэл буюу 3.6 дахин нэмэгдсэн” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэв. Түүний хэлсэн үнэн л дээ, сүүлийн гурван сонгууль “тохиолдуулан” эрх баригчид шатахууны үнийг “тартагт нь тултал нь барьсан. Шатахууны үнэ 2020 оны нэгдүгээр сард АИ-92 шатахуун 1735 төгрөг байсан бол дөрөвдүгээр сард хамгийн доод түвшиндээ буюу 1350 төгрөг болж хямдарсан байдаг. Төрийн зохицуулалтаас болж аж ахуйн нэгжүүд литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээснийг Г.Ёндон сайд мэдээлээд цаашдаа үнэ барих боломжгүй, “Вот три даргаа” л болсноо хүлээн зөвшөөрөв. Импортлогчид нийтдээ 30 тэрбумын алдагдал амссан гэнэ.
Үнийг чөлөөт зах зээлээр биш хууль, журмаар тогтоогоод байвал хэрэглэгчдэд ашиггүй. Эдийн засагт бүр ч хохирол дагуулах эрсдэлтэй.
Монгол Улс шатахуун үйлдвэрлэгч биш. Үйлдвэр барилаа гээд шатахууны үнэ тэг болчихгүй юм. Жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын шатахуун Оросоос авдаг. Дийлэнхийг нь Оросын төрийн өмчит “Роснефть”-ээс нийлүүлнэ. Тийм болохоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Будда томилогдлоо ч шатахууны үнийг хүчээр барих боломжгүй.
Монголын улстөрчид бүх юмны үнийг дийлэх хүсэлтэй байдаг. Загнаад, дарамтлаад, шалгаад, хянаад, популизм хийгээд үнийг хязгаарлачихна гэж эндүүрдэг. Ялангуяа импортын бүтээгдэхүүний үнийг жагсаж, эсэргүүцээд буулгачихдаг юм биш л дээ. Шатахууны үнийг буруул гэсэн жагсаал эдийн засаг, иргэдээ бодсондоо биш, ард нь хэн нэгэн улстөрчийн эрх ашиг явж байна л гэсэн үг.
Засгийн газраас цар тахлын үед шатахууны үнийг барихын тулд импортлогчтой хэлэлцээр хийж вакцинжууладтад нийт иргэдийн 60 хувь хамрагдах /эдийн засаг идэвхжих/ хүртэл АИ-92 шатахууны үнийг 1450 төгрөгт барихаар тохиролцжээ. Эдийн засгийн нөхцөл байдал сэргэсэн тул шатахууны үнийг чөлөөлсөн гэж Г.Ёндон сайд хэлсэн. Үнэндээ сонгууль дууссан, улс төр дууссан. Одоо иргэд нь ч, засаг нь ч эртхэн бодит байдалтайгаа эвлэрч, нүүр тулсан нь дээр. Үгүй бол улсаараа шатахуунгүй, уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй аваас бүгдээрээ идэх хоолгүй болно.
Шатахууныг бид ам.доллараар худалдаж авдаг, төгрөгөөр биш. Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2849 төгрөг байгаа. Тэгэхээр цаашдаа сонгууль угтаж үнийг хязгаарладгаа болих хэрэгтэй.
Зах зээлийнхээ зарчмаар импортлогчид нь үнээ зарлаж, Засгийн газар нь татвараа хураамжаа хуулийн дагуу аваад явж байсан бол сарын дотор 600 төгрөгөөр огцом өсч, инфляцийн савалгаа үүсгэхгүй байсан.
Шатахууны үнийн өсөлт зөвхөн манайд ч ажиглагдаж байгаа үзэгдэл биш. Нефтийн экспортлогч хөршүүдэд ч үнэ багагүй өсчээ. Жишээ нь, ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджаар 2.9 хувь, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна. “Tass” агентлагийн мэдээлснээр, АИ-92 маркын шатахууны үнэ ОХУ-д литр нь 45.86 рубль буюу монгол мөнгөөр тооцвол 1834 төгрөг болжээ. АИ-95-ийн үнэ 49.35 рубль буюу 1974 төгрөг, дизель түлшнийх 50.16 рубль буюу 2006 төгрөгт хүрчээ.
Хятадад нэг литр шатахууны үнэ монгол мөнгөөр тооцвол 3111 төгрөгт хүрснийг Г.Ёндон сайд хэлсэн. Тус улс өнгөрсөн жилээс хойш нийтдээ 12 удаа шатахууныхаа үнийг нэмжээ.
Орос, Хятад хоёр Монголыг бодохноо шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэг, экспортод гаргадаг улс шүү дээ.
Шатахууны үнэ нэмлээ гээд л бухимдаад байдаг, үнэндээ Нарантуул дээр Эрээний өмдийг хэд нугалаад зарчихдагтай адилхан юм биш. Хилийн үнэ, гаалийн татвар хураамж, тээвэрлэлт, агуулах сав, цахилгаан дулаан, ажилчдын цалин хөлс гээд олон өртөг шатахууны үнэд “шингэж” байдаг юм. Дээр нь олон улсын улс төр ч нефтийн үнэнд нөлөөлнө. Шатахууны үнийн өсөлтөд санаа зовохгүй байя гэвэл гаднаас хөрөнгө оруулалтыг тат, төмөр замаа яаралтай барь, томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруул. Эрчим хүчний төслүүдээ хөдөлгө, тог цахилгааны үнийг чөлөөл.
Төрөөс шатахууны үнийг хямдруул гэснээс “битгий популимз хий” гэвэл эдийн засагт илүү нэмэртэй, бодитой, үр дүнтэй шаардлага болно шүү.