АНУ, ОХУ-ын Элчин сайдын яамд өчигдөр /2021.8.2/ аль аль талын ажилтнуудын халаа сэлгээний асуудлаар маргаан үүсгэжээ. Сүүлийн үед байнгын зөрчилтэй байгаа хоёр улсын харилцаанд багагүй дэвшил гарсан ч Элчин сайдын яамд нь таарамж муутай байгаагаа нуусангүй. Тухайлбал, Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов хэлэхдээ “АНУ манай дипломатчдад үргэлж “бүтээлч бөгөөд тууштай” хандаж ирсэн. Тухайлбал тэдэнд олгох визний хугацааг гурван жилээр хязгаарласан” гэжээ.
Тэрбээр АНУ-ын “The National Interest” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ оны есдүгээр сарын 3-наас өмнө АНУ-аас гарах ёстой 24 дипломатчийн нэрсийг бидэнд илгээсэн. Вашингтоны виз олгох журам чангарсан тул бид халааны хүнээ ч бэлтгэх боломжгүй боллоо" гэсэн юм. Харин АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс ОХУ-ын Элчин сайдын үгийг үгүйсгэв. Түүний хэлснээр Оросын дипломатчид гурван жилийн дараа визний хугацаа дуусна гэдгийг мэдэж байсан бөгөөд визний хугацаагаа ч сунгах боломжтой байжээ.
Прайс Оросын талаас АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад тавьсан хоригийн талаар мөн дурдсан юм. Тухайлбал, ОХУ-ын талаас АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж буй өөрийн орны иргэн эсвэл гуравдагч орны хүмүүстэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр АНУ-ын диломат төлөөлөгчдийн газрууд 200 гаруй ажилтнаа халахад хүрсэн байна. "Эдгээр арга хэмжээ нь ОХУ дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын боловсон хүчин бэлтгэх асуудал болон Оросын Засгийн газартай дипломат харилцаа тогтоох зэрэгт сөргөөр нөлөөлж байгаад харамсалтай байна" гэж Прайс сэтгүүлчдэд хэлэв.
Энэхүү маргаанаас хэдэн сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-ыг цахим халдлага үйлдэж, сонгуулийн явцад нөлөөлсөн гэж буруутган Оросын 10 дипломатчийг хөөсөн юм. Дараа нь хоёр улсын тэргүүнүүд өнгөрсөн зургадугаар сард Женевт уулзсан нь хурцадмал байдлыг зөөлрүүлэх эхлэл болсон юм. Мөн уг уулзалтын үргэлжлэл болгож өнгөрсөн долоо хоногт хоёр улсын өндөр дээд албан тушаалтнууд Женевт уулзаж, цэрэг армийн хяналтын асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн байдаг.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES