Шинэ Зеландын хүндийн өргөлтийн тамирчин Лорел Хаббард өчигдөр/2021.08.02/ хүндийн өргөлтийн +87 кг-ийн жинд өрсөлдөж, олимпийн наадмын түүхэн дэх анхны трансжендер тамирчин болов. Тэрбээр эхлээд 120 кг-ыг өргөх гэсэн боловч амжилтгүй болж, дараа нь 125 кг-ыг өргөх гэж хоёр удаа оролдсон боловч мөн бүтэлгүйтэж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
Түүний өрсөлдсөн жинд Хятадын Ли Вэнвэн нийт 320 кг-ыг өргөж, олимпийн рекордыг шинэчлэн түрүүлжээ. Харин мөнгөн медалийг Их Британийн тамирчин Э.Ж.Кэмпбэлл, хүрэл медалийг АНУ-ын Сара Роблес нар тус тус хүртсэн аж.
Олимпод оролцсон анхны трансжендер тамирчин Лорел Хаббард “Спорт талаасаа би улс орныхоо хүсэн хүлээж байсан амжилтад хүрээгүй байх. Гэхдээ миний талархаж байгаа зүйлийн нэг бол Шинэ Зеландын дэмжигчид надад маш их зүйлийг өгч, дэмжиж байсан явдал. Шинэ Зеландын олимпийн хороонд хандаж хэлэхэд, хүнд хэцүү цаг үед намайг дэмжиж байсанд баярлалаа. Намайг энэ олимпод оролцох болоход маргаан дэгдсэнийг мэднэ. Гэхдээ л гайхалтай зүйлийг үзэж тууллаа. Та нартаа талархаж байна” гэжээ.
Лорел Хаббард нь залуудаа 300 кг-ыг өргөж, улсынхаа эрэгтэйчүүдийн рекордыг тогтоож байсан нэгэн. Гэвч тэрбээр 2001 онд 23 насандаа их спортоосоо холдохоор шийджээ. Харин 2012 онд 33 насандаа трансжендер эмэгтэй болон эргэн ирж, спортын замналаа үргэлжлүүлсэн аж. Трансжендер хэмээн тэмцээнд оролцож эхэлсэн үеэсээ хойш тэрбээр олон улсын тэмцээнүүдээс нийтдээ долоон алтан медаль хүртжээ.
Өдгөө 43 настай тэрбээр олимпийн наадамд оролцсон гурав дахь хөгшин хүндийн өргөлтийн тамирчин болжээ.
Түүнийг Токиогийн олимпод оролцуулах эсэх тал дээр хүчтэй маргаан өрнөсөн. Шинэ Зеландын олимпийн хороо түүнийг дэлхий нийтэд энэ төрлийн хүмүүсийг зөвөөр ойлгуулахад чухал үүрэг оролцоотой хүн гэдгийг онцолсон юм.
2004 онд Олон улсын олимпийн хороо трансжендер тамирчдыг олимпод оролцохыг зөвшөөрсөн.
Холбоотой мэдээ