Шатахууны үнийн талаар хамтарсан уулзалт хийж байна
Шатахууны үнийн талаар хамтарсан уулзалт хийж байна
Posted by News.mn on Monday, August 2, 2021
НЭМЭЛТ:
УУЯ, Монголбанк, АМГТГ болон аж ахуй нэгжүүд шатахууны талаар хамтарсан уулзалт боллоо. Энэ үеэр шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулж байгаагаа дуулгав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “БНХАУ-ын АИ-92 шатахуун 2020 оны нэгдүгээр сард 2702 байсан бол мөн оны гуравдугаар сард 2200 төгрөг хүртэл буурсан. Үүнээс хойш тогтмол өссөөр өнөөдрийн байдлаар 3111 төгрөгт хүрсэн. ОХУ-ын АИ-92 шатахуун 2020 оны нэгдүгээр сард 1790 байсан бол мөн оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээлийн үнэ хамгийн бага байхад хүртэл ОХУ үнийг буулгаагүй. Ердөө 100 хүрэхгүй төгрөгөөр л буулгасан. Ийнхүү тогтмол байсаар өнөөдөр 1929 төгрөгт хүрсэн. Брент газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 2020 оны нэгдүгээр сард 65.37 ам.доллар байсан бол тус оны дөрөвдүгээр сард цар тахлын улмаас эдийн засаг хумигдаж 19.9 ам.доллар болж хамгийн доод түвшиндээ хүрсэн. Улмаар 2020 оны дөрөвдүгээр сараас хойш үнэ нь тогтмол өссөөр өнөөдрийн байдлаар 73.85 ам.долларт хүрээд байна.
Монгол Улсын хувьд 2020 оны нэгдүгээр сард АИ-92 шатахуун 1735 төгрөг байсан. Дөрөвдүгээр сард хамгийн доод түвшиндээ буюу 1350 төгрөг болсон. Бид шатахууны үнийг жил гаруйн хугацаанд тогтмол нэг түвшинд барьж чадсан. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 19.9 ам.доллараас 74 ам.доллар хүртэл буюу 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газар шатахууны үнийг зохицуулах арга хэмжээ авч ирсэн. Ингэснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд 2020 оны нэгдүгээр сард /ААН/ тодорхой хэмжээний алдагдал хүлээж эхэлсэн. Нэгдүгээр сараас эхлэн зургадугаар сарын сүүл гэхэд ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Үндсэндээ дэлхийн зах зээлийн үнэ өсөхөд жижиглэнгийн үнийн 70 гаруй хувь нь өсдөг. Цар тахлын үед шатахууны үнийг барихын тулд импортлогч ААН-үүдтэй уулзалт хийж вакцинжуулалтыг нийт иргэдийн 60 хувьд хүрэх хүртэл буюу эдийн засаг идэвхжих хүртэл АИ-92 шатахууны үнийг 1450 төгрөгт барих хэлэлцээр хийсэн” гэлээ.
"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монополь гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна. Ирэх есдүгээр сард үнэ өсч болзошгүй. Компаниуд олон сарын турш алдагдал хүлээсэн байгаа. Тэд нийт 10 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Хэдий алдагдал хүлээсэн ч нэг ч хүнийг халаагүй. Гэхдээ шатахуун түгээх станц барих гэх мэт хөрөнгө оруулалтын ажил хийх боломжгүй болов. Шатахууны салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлага байсаар байна. Өргөн хэрэглээний барааны үнэ шатахууны үнийн нэмэгдлээс өмнө 7-20 хувиар өссөн байсан. ШӨХТГ-аас манай компанид шатахууны чанартай холбоотой ямар нэг албан бичиг явуулаагүй. Чанарын хяналт алдаатай болов уу даа гэж би бодож байна. ШӨХТГ шатахуун импортлогч компаниудыг муухай харагдуулж, иргэдийг эргэлзэхэд хүргэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Манай салбарт сайн компаниуд бий.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: ОХУ-ын дотоод зах зээл маш том. Хэдийгээр тус улс өөрсдөө экспортлогч орон боловч дотооддоо хомсдол үүссэн. 2021 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд “Дөрөвдүгээр сараас эхлэн шатахууны импортыг цуцлах шийдвэрийг Засгийн газартаа танилцуулна” гэж мэдэгдсэн. Тус улс одоогийн байдлаар АИ-95, 98 шатахуун дээр хориг тавьсан бол АИ-92 шатахууныг хориглоогүй. Тиймээс хомсдол, доголдол үүсгэхгүй байх нь чухал учраас Монгол Улсын шатахуун импортлогч компаниуд яаралтай арга хэмжээ авч БНХАУ-тай хэлэлцээрүүдийг хийсэн. Өнгөрсөн бямба гаригт Эрээний боомт дээр 1130 тонн АИ-95 шатахуун ирсэн. Түрүүчээсээ наашаа гараад эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дотооддоо АИ-95 шатахууны нөөц 40 орчим хоногийнх бий. Хэрэв өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг үе шаттай нэмсэн бол иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлөх байсан. Үе шаттай нэмсэн бол үнэ бага байна гэсэн үг биш. Учир нь зах зээлээ дагаад үнэ нь өсч байна. Хэдийгээр гэнэт шатахууны үнийг нэмсэн боловч, нөгөө талаасаа импортлогч компаниудын үйл ажиллагаа доголдох гээд байсан. Хөл хориог сулруулаад ихэнх ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэчихсэн учраас шатахууны үнийг чөлөөлсөн.
"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Вакцинжуулалтыг 60 хувь хүртэл шатахууны үнээ тогтвортой барих хэлэлцээр хийсэн учраас бид үнээ нэмээгүй. Долдугаар сар хүртэл үнэд өөрчлөлт оруулаагүй ч гэсэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнээс харахад шатахууны үнэ өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж байна гэж харах нь өрөөсгөл. Манай компани БНХАУ-ын компанитай гэрээ хийж АИ-95 шатахууныг эхнээсээ оруулж ирж байна. Мөн чанарыг сайжруулах зорилгоор Евро төрлийн стандартыг мөрдөж эхлэхээр яригдаж байна. Үүний хүрээнд олон улсад хэрэглэж байгаа Евро-5 класс зэрэглэлийн шатахуунуудыг импортлох ажлыг эхлүүлсэн.
Шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан хамтарсан уулзалт хийнэ
Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Уул уурхайн яам, Монгол банк, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/болон бусад аж, ахуй нэгжүүд хамтарсан уулзалтыг өнөөдөр /2021.08.03/ 10.00 цагт хийнэ. Тодруулбал, "Гадаад зах зээл дэх нефтийн ханш манай дотоодын жижиглэнгийн шатахууны үнэд шууд нөлөөлдөг. Учир нь Монгол Улс үйлдвэрлэгч орон биш. Наймдугаар сард ОХУ импортоор АИ-95 шатахууныг нийлүүлж чадахгүй гэх хариуг манайд өгсөн” гэх асуудлыг долдугаар сарын 29-нд АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлсэн. Улмаар нэр бүхий шатахуун түгээх станцууд долдугаар сарын 30-нд 300 төгрөгөөр үнээ нэмж АИ-92, 95 шатахуун 2050 төгрөгт хүрээд байна.
Холбоотой мэдээ