"Ууталж, савласан үйлдвэрийн муу махыг шахаанд оруулах гэж байна"

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

"Ууталж, савласан үйлдвэрийн муу махыг шахаанд оруулах гэж байна"

"Ууталж, савласан үйлдвэрийн муу махыг шахаанд оруулах гэж байна"

Оршуулгын газрын салхин дор байршиж ил задгай махны худалдаа эрхэлж байгаа нь эрсдэлтэй гэж “Хүчит шонхор” захын махны ил задгай худалдааг хориглох саналыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргасан. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын баталсан захирамжийн дагуу энэ сарын 1-нээс гадаа талбайн түрээсийн төлбөрөө төлж, зохих шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг худалдаачдын эрх ашиг зөрчигдөж эхэлжээ. Ариутгал халдваргүйтгэл хийж, өдөр тутам лабораторид шинжлүүлж худалдаа эрхэлдэг ченжүүдийн үйл ажиллагаа тэг зогсвол махны эрэлт түүнийг дагаж өснө. Мөн махны үнэ өсөх ба малчдаас ирэх махны нийлүүлэлт багасах зэрэг олон сөрөг талтай аж.

Энэ нь зөвхөн худалдаа эрхлэгч нарт хамааралтай асуудал мэт боловч бодит байдал дээр эцсийн хэрэглэгчдийн эрх ашигт халдаж байгаа явдал болохыг иргэд шүүмжилж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ёстой газраас иргэдэд сонголтгүй, тулган шаардах хэлбэрээр махны үнэ болоод хомсдолд хүргэх эрсдэлийг бий болгож байгаад иргэд болоод худалдаа эрхлэгчдийн зүгээс бухимдалтай байлаа.

“Хүчит шонхор” захын удирдлагуудын хэлж байгаагаар:

-Худалдаа эрхлэгч түрээслэгчдийн зүгээс гэнэтийн гаргасан энэхүү шийдвэрт бухимдалтай хандаж байгаа. Гадна талбай түрээслэгчид зүгээр газар мах аа дэлгэж тавиад зардаггүй. Зориулалтын хөргүүртэй машиныг худалдан авч түүн дотроос мах зардаг. Стандартын дагуу гэж шаардаж байгаад бүх худалдаачид хөргүүртэй ижил машинтай болсны дараа ийм шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж харж байна. Манай захын тухайд нийслэлийн иргэдийн махны хэрэгцээний 80 орчим хувийг хангадаг. Үүрийн 04:00 цагаас нээж нийслэлдээ хамгийн хямд бөгөөд баталгаат мах зардаг гэдэг утгаар хүмүүс ч зорин ирдэг. Гэтэл оршуулгын газрын салхин дор байдаг гэх шалтгаанаар бидний эрх ашигт халдаж байгаа юм. Зөвхөн худалдаачдын ч биш иргэдийн аж амьдралд ч нөлөөлөх алхмыг хийж байна. Тиймээс бид энэхүү захирамжтай холбоотойгоор албаны хүмүүстэй уулзаж, ярилцаж байна. Үнэхээр оршуулгын газрын салхин дор гэдэг шалтгаанаар ил задгай гэж тодотгоод байгаа махны худалдааг болиулж байгаа бол хажууд байрлаж байгаа “Нарантуул 2”, “Нарлаг дэнж” зэрэг захын үйл ажиллагаанд ч хяналт тавих ёстой шүү дээ гэсэн юм.

Мөн цаасан дээр бичсэн захирамжаа хэрэгжих боломжтой эсэх тал дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бодит нөхцөл байдалтай танилцаагүй, иргэдийн аж амьдрал хэрхэн өрнөж байгааг мэдэхгүй байж амралтын өдөр захирамж гаргаж хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардана гэдэг бол зүйд нийцэхгүй гэдгийг хэлэв.

УУТАЛЖ, САВЛАСАН ҮЙЛДВЭРИЙН МАХЫГ ШАХААНД ОРУУЛАХ ОРОЛДЛОГО

“Хүчит шонхор” захын махны худалдагч Н.Ариунаа:

-Захирамжийн талаар мэдээлэл аваад их гайхлаа. Нэг хэсэг захыг нүүлгэн шилжүүлэх талаар ярьж байсан бол өнөөдөр ил задгай мах худалдан борлуулахыг хориглоно гэх юм. Төрийн удирдах шатанд байгаа хүмүүс иргэдийн бодит байдалд огт нийцэхгүй шийдвэр гаргаж байна. Хөгшин настай гэлтгүй хүн бүр идэх хоол хүнсээ аль сайныг нь шилж сонгож авдаг. Гэтэл гадна талбайн түрээслэгчдийг болиулж, дотор зарж байгаа махыг вакуумжуулна гэх юм. Мах худалдаж авч байгаа хүн эргүүлж тойруулж харж авдаг болохоос чихэр авч байгаа юм шиг гоё савлагаатайг нь авна гэхгүй. Тиймээс энэ шийдвэрийг миний хувьд эсэргүүцэж байгаа. Өчигдөр шийдвэр хэрэгжиж эхлэх сургаар өглөө хөдөөнөөс орж ирэх мах багассан. Иргэд ч үнэ өсч магадгүй сургаар чадлынхаа хэрээр л нөөцөлж байна. Нөгөө талаар ууталж, савласан үйлдвэрийн махыг зах зээл дээр өрсөлдөгчгүй гаргаж ирэх оролдлого ч байж болох юм.

МАХНЫ ХУДАЛДАГЧ Н.ЭРДЭНЭЦЭЦЭГ:

– Ганцхан “Хүчит шонхор” захыг худалдаачдыг онцолж байгаад бухимдаж байна. Махны ченжүүд өндөр үнээр мах зарж ашиг сайн олдог гэдэг. Бодит байдал дээр нэрнээс цаашгүй. Махны үнэ өдийд буурдаг. Гэтэл энэ шийдвэртэй холбоотойгоор харин ч өсөх хандлагатай боллоо. Сураг сонссон малчид хот руу мах ачуулахаас татгалзаж байна. Хэдийгээр гарал үүслийн бичиг байгаа ч товчоогоор нэвтрүүлэхгүй бол яана гэсэн айдастай. Худалдаачид бид туйлдаж байна. Covid-19 гээд иргэдийн эдийн засгийн чадавх муудаж мах гулуузаар нь авах хүний тоо буурсан. Хүмүүс яг л хоногийн хэрэгцээндээ тохируулж мах жинлэж авч байна. Үнэ ханшийн хувьд ямааны мах 8500-9500, үхрийн мах 11500-14500, хонины мах 9500-10500 төгрөг байгаа.

МАХНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГ БУУРСАН Ч ОДОО ХЭДЭЭР ӨСӨХИЙГ ТААШГҮЙ

ХУДАЛДАГЧ Б.САРУУЛЦЭЦЭГ:

-Хөдөө орон нутгаас өглөө бүх мах ирдэг. Хүмүүс ч үүнийг андахгүй мэднэ. Иргэдэд хямд үнээр чанартай мах авах нь чухал учраас манай захыг зорьдог. Өдийд махны үнэ буурч, худалдан авагч цөөрдөг. Харин энэ шийдвэрийн талаар мэдээлэл авсан хүмүүс танай зах хаагдчихсан юм уу, хөдөөнөөс машинтай мах ирэхгүй байна уу гэж утсаар их асууж байна. Худалдагчдын зүгээс энэ мэдээллийн эсрэг байр суурьтай байгаа. Бид түрээсийн төлбөр төлж, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж ажилладаг. Тийм байтал өглөө бүр лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа махыг дахин вакуумжуулж, ууталж зарна гэвэл манай зах ямар ч хэрэглэгчгүй болно. Та нар бодож үз л дээ. Махны ил задгай худалдааг бүрэн зогсоож, махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатарын дөрвөн талд бөөний худалдааг явуулж, хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрнө гэдэг мэдэгдлийг танилцуулсан. Худалдаа эрхлэгч бидний зүгээс хотын дарга шийдвэрээ буцаахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ.

Нийслэлд “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр”, “Барс”, “Баянзүрх”, “Хархорин”, “Саруул”, "Амгалан", "Их наяд" захуудад махыг ил худалдаалж байгаа аж. Иймээс эдгээр худалдааны төвүүдэд хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгожээ. Гэхдээ захирамжид заасан хугацаа болсон ч задгай махны худалдааг хэн ч зогсоогоогүй байгаа юм байна.

ИРГЭН Т.ГАНБАТ:

-Манайх жижиг цайны газар ажиллуулдаг. Махны үнэ хоёр хоногийн өмнө ирэхэд хямд байсан бол өнөөдөр 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Махны ханш нэмэхээр таваг хоолны мөнгө 500 төгрөгөөр дагаад л өснө. Бэлэн хоол авч иддэг хүн улам цөөрч байна шүү дээ. Би хувьдаа ШӨХТГ, МХЕГ гээд хяналт тавьж ажиллах ёстой байгууллагууд бүгд хуйвалдаж байна гэж хардаг. Эмээлт захын бойн дээрээс өдөрт хэчнээн тонн малын мах Хятад руу гарч байна. Хэрэв ил задгай худалдаа гэх нэрийдлээр махны эрэлтийг өсгөвөл ашиг түүнийг хэд дахин давах магадлалтай. Тиймээс улс төрийн нөлөө бүхий хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангаж ажиллахын тулд ядарсан иргэдийн хэтэвч рүү өнгийж, махны үнийг өсгөх шалтгааныг гаргаж ирлээ.

ИРГЭН З.БАЯРЦАЦРАЛТ:

-Малчид тээвэрлэлтийн зардлаа нэмээд зардаг байсан үе бүр дуусч байх шиг байна. Одоо ил задгай худалдааг хориглож, стандартын дагуу бэлтгэсэн мах нэрийдлээр махны үнэ тэнгэрт хадна. Бензиний үнэ нэмсэн шиг махны үнэ нэг л өглөө босоод ирэхэд хэд дахин нэмчихсэн байхыг үгүйсгэх аргагүй. Эрүүл ахуйг бодсон бол нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Анхнаасаа зохицуулалт хийж чадаагүй байж албаар үнийн хөөрөгдөл үүсгэх гэсэн оролдлого болов уу гэж харж байна. Сүүлийн 30 жил энэ захын үйл ажиллагаа хэвийн явагдаад л ирсэн санагдах юм.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХЫН ГАДНА ТАЛБАЙН ТҮРЭЭСЛЭГЧ:

-Миний хувьд энэ талбай дээр мах зараад долоон жилийн хугацаа өнгөрсөн байна. Өмнө нь ил задгай талбайд худалдаа хийхгүй гэдэг шаардлага удаа дараа тавьсан учраас түрээслэгчид бүгд хөргүүртэй машин авсан. Машины үнэ ханш хамгийн багадаа 6-8 сая төгрөгийн ханштай байдаг. Бид ардаа амьдралтай гэр бүлээ тэжээх ёстой учраас аргагүй эрхэнд шаардлагыг хүлээн авч бүхээгтэй, хөргүүртэй машинаас худалдаа эрхлэх болсон. Тэгсэн чинь өнөөдрөөс махаа ууталж, заавал павилонд суухыг шаардаж байна. Түрээслэгчдийн хувьд өдөрт 20 мянган төгрөг, махны гарал үүсэл шинжлүүлэхэд 4-5 мянган төгрөг төлдөг. Тэр бол асуудал биш. Хамгийн гол нь хоногийн хоолоо залгуулах гэж байгаа бидэнд павилон авах мөнгө байхгүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл манай гэр бүл гадаа гарах байх.

Эмээлт болон бусад зах, худалдааны төвүүдийн гадна талбайд махны худалдаа эрхэлдэг хүн олон бий. Тэр бүрт хариуцлага тооцож чаддаггүй байж ард иргэддээ гай болсон шийдвэр гаргаж байгаад иргэд бухимдаж байна. Дотор лангуу дээр зарна уу, гадаа машины тэвшин дээр зарж байгаа махнаас авна уу худалдан авагчийн эрх. Хүн өөрийн идэх хүнсээ хүссэн газраасаа авах эрхтэй. Зах, худалдааны төв дотор зарж байгаа гэхээр заавал стандартад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан гэсэн үг биш шүү дээ. Тэр бүү хэл ууталж, савласан үйлдвэрийн махыг шахаанд оруулах нь зөв сонголт биш гэдгийг худалдагчид хэлж байв. Цаашид энэ хэвээр шийдвэр гарсаар байвал өчнөөн сая малтай хэдий ч үйлдвэрээс савлагдаж гарч ирж байгаа бүтээгдэхүүнийг авах ганцхан сонголттой болчхож ч магадгүй учир тус захын худалдаачид тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ удирдлагууддаа уламжилжээ. Хэрэв нийслэлээс гаргасан захирамж хэрэгжиж эхэлснээр махны үнэ тэнгэрт хадаж, малын махны эрэлт үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж