Цар тахлын улмаас хилийн чанадад суралцдаг оюутнууд эх орондоо ирсэн. Тодруулбал, Хятадад 10 мянга гаруй, ОХУ-д 4000 орчим оюутан залуус суралцдаг. Эдгээр оюутны ихэнх нь цахимаар суралцаж байгаа хэдий ч сургалтын үр дүн, чанарын хувьд хангалтгүйг хэлж байгаа юм.
Харин нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд цахимаар хичээллэх боломжгүй хоёр жилийн нүүр үзэж байна. Ингээд Орос, Хятадад суралцдаг оюутнуудын төлөөллөөс нөхцөл байдлын талаар тодрууллаа.
“ОЮУТНУУДЫН 94 ХУВЬ НЬ “СИНОФАРМ” ҮЙЛДВЭРИЙН ВАКЦИН ТАРИУЛСАН”
Хятадын Янжоу их сургуулийн магистрантын төгсөх курсийн оюутан Г.Даваасүрэн:
-Эх орондоо хэзээ ирсэн бэ. Одоо цахимаар хичээлээ үзэж, судалж байна уу?
-Хятадын их сургуулийн өвлийн амралт нэгдүгээр сард эхэлдэг болохоор ихэнх оюутан 2020 оны нэгдүгээр сард эх орондоо ирсэн. Албан бус тоогоор Хятадад 10 мянга гаруй оюутан суралцдаг. Одоогийн байдлаар суралцаж буй мэргэжлийн онцлогоос шалтгаалж хичээлээ зарим нь үзэж, нөгөө хэсэг нь огт хичээллэж чадахгүй байгаа.
Миний хувьд хүнс судлаачаар сурдаг учраас цахимаар хичээлээ үзэх боломжгүй.
Зарим оюутнуудын хувьд сурч буй мэргэжлээсээ шалтгаалаад тухайн сургууль нь дараагийн ондоо элсэлт аваагүй учир улиран суралцах боломжгүй гэдэг шалтгаанаар цахим хичээл заахгүй байгаа.
-Цахимаар хичээлээ судлах боломжгүй ч ном, сурах бичгээр бие даан сурах боломж хэр байна вэ?
-Хятад хэл дээрх мэргэжлийн хичээлийн ном, сурах бичгийн хомсдол гарч, эрдэм шинжилгээний ажил, архивын судалгааны ажил хийх боломжгүй байгаа. Тухайн улс маань кибер сүлжээнд хаалт тавьдаг учраас гадаадын улс орноос хязгаарлагдмал байдалтайгаар хандалт хийдэг. Шинээр оюутан элссэн бол хятадын дугаар авч байж, тухайн кибер сүлжээнд нэвтэрдэг болсон.
Тэгэхээр шинээр элссэн оюутнууд цахим сүлжээнд огт нэвтэрч чадахгүй байгаа. Багш нарын тусламж дэмжлэг авч чадахгүй болсон. Онлайнаар хэлний бэлтгэлд явснаар мэргэжлийн хичээлээ ойлгохгүй, хүндрэл үүсч байна. Миний хувьд 2021 оны долдугаар сард их сургуулиа төгсөх байсан. Одоо би намар очиж, нэг семестр судалгаа шинжилгээ, лабораторид ажиллаж байж төгсөх шаардлагатай болж байгаа юм.
Намайг өнгөрөгч гуравдугаар сард Хятадад ирэх шаардлагатай гэж Хятадын Гадаад харилцааны яам холбогдох газраас тодорхойлолт өгсөн боловч Монголын Засгийн газар, холбогдох байгууллагаас “Хятадын талаас ямар нэг хариу байхгүй байна” гэдэг хариултыг өгсөн.
-Хятад руу буцаж их сургуульдаа танхимаар суралцах шаардлагатай оюутнуудын хэдэн хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол?
-Хятадад суралцаж буй оюутнуудын 80-90 хувь нь олон төрлийн тэтгэлгээр суралцдаг. Тэд тэтгэлгээ хамгаалахын тулд дүнгийн оноо, сургалтын чанарын асуудал хөндөгддөг. Оюутнуудын 50 хувь нь ийм байдлаас болж сэтгэлээр унах, цаашид сурах хүсэл эрмэлзэлгүй болоод байна.
Хятад улс руу буцаж суралцах шаардлагатай байгаа оюутнуудын 98.9 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан. Тэдний 94 хувь нь “Синофарм” үйлдвэрийн вакцин тариулсан. Иймээс танхимаар суралцах шаардлагатай тодорхой тооны оюутнуудыг үе шаттайгаар хоёр улсын Засгийн газар хэлэлцээр хийж явуулахад дэмжлэг үзүүлэх шаардлага байна. Бид Засгийн газраас тусгай бодлого, зохицуулалт хийхийг хүсч байна.
“ОЮУТНУУДЫН 60 ХУВЬ НЬ ОНЛАЙН ХИЧЭЭЛД ХАМРАГДАЖ БАЙГАА Ч ЧАНАР, ҮР ДҮН МУУ БАЙНА”
ОХУ-ын О.Е.Кутафины нэрэмжит Москвагийн хуулийн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Б.Анужин:
-Би ОХУ-ын Москва хотод хуулийн мэргэжлээр суралцдаг. 2020 оны гуравдугаар сард Монголын хил хаагдахаас өмнө эх орондоо ирээд, жил гаруйн хугацаанд цахимаар хичээллэж байгаа. ОХУ-д нийт 4000 орчим оюутан суралцдаг гэсэн албан бус мэдээлэл бий. Үүний 90 хувь нь эх орондоо ирсэн байгаа. Сургууль сургуулийн онцлогоос шалтгаалаад зарим оюутнууд маань цахимаар хичээлээ судалж чадахгүй байна. Жишээлбэл, эмч, архитектор, барилгын салбарын мэргэжил гэх мэт. Орос руу буцах хүсэлтэй оюутнууд сайн дураараа нэгдэж, холбогдох яамд руу албан бичиг хүргүүлсэн.
Бид 7-8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, нийт оюутнуудын судалгааг хийсэн. Судалгаагаар буцах хүсэлтэй байгаа оюутнуудын 40 хувь нь дадлагаа заавал Орост хийх ёстой, төгсөх курсийн оюутан, ангидаа ганцаараа монгол оюутан, онол, практик орчин хослох шаардлагатай байгаа. Үлдсэн 60 орчим хувь нь онлайн хичээлд хамрагдаж байгаа ч сургалтын чанар, үр дүн нь муу байна гэж үзэж байгаа. Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хэлэлцэх шаардлагатай гэх албан бичгийг хүргүүлсэн. Бидний зүгээс ОХУ-д танхимын сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлээд буй боловч албан байдлаар хүсэлтийн хариу өгөөгүй. Мөн "ОХУ-ын бүх дээд сургууль онлайнаар сурах боломжийг хангасан" гэхээс өөрөөр нааштай хариу өгөөгүй байна. Иймээс оюутнуудын зүгээс тулгарч буй дээрх асуудлуудыг нааштай шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Холбоотой мэдээ