АН-ын цатгалан ӨЛСӨГЧ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

76:1

АН-ын цатгалан ӨЛСӨГЧ

АН-ын цатгалан ӨЛСӨГЧ

"News" агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг 76:1 булангийнхаа энэ удаагийн дугаарт 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Жамбын Батсуурийг танилцуулж байна.


Тэрбээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа "аймгаасаа баян засгууд"-ын тоонд орж, АТГ-д шалгуулж явсан удаатай.  Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Орон нутаг хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байсан.  Улс төрийн үзэл баримтлалын хувьд Ардчилсан нам  дахь ялсан монголчуудын нэг. Товчхондоо, Х.Баттулгыг балиашлагч. Үүнийг батлах мэт өнгөрсөн хавар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар Сүхбаатарын талбай дээр долоо хоног өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн нэг тэр байлаа.  Өлсгөлөн зарлагчдаас хамгийн их турсан нь Ж.Батсуурь байсан гэх. Эрхэм гишүүн талбай дээр өлсөөд долоо хоногт 3 кг турсан гэх мэдээлэл ч цацагдсан.

Тэрбээр өлсгөлөнд оролцох болсноо эхлээд АН-ын нэр дэвшигчийг СЕХ бүртгэж авсангүй, С.Эрдэнэ бол манай намын нэр дэвшигч биш хэмээн эсэргүүцэж байснаа удалгүй Ардын намын дарангуйллын эсрэг өлсөж буйгаа хэлсэн.  Тэрбээр өнгөрсөн жил "Улаанбаатарын хүмүүс үнэтэй мах идэх ёстой шүү дээ. Эрээнд очиж 36 мянган төгрөгөөр мах авч идчихээд, энд найман мянган төгрөгөөр авч болохгүй шүү дээ" гэснээсээ бол ёстой даагнаас биш дарвагараасаа болж үхдэг гэгч болсон.

Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр сачий нь хүрвэл АН-ын дарга болох амбицтай.

1971 онд төрсөн тэрбээр санхүүч, нягтлан бодогч мэргэжилтэй. 1997 оноос эхлэн улс төрийн хүчинд идэвхтэй зүтгэж эхэлсэн. 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын даргаар 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ажил амьдралын гараагаа  “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилерээр эхлүүлж цаашлаад 1994-1999 онд “Моло импекс” ХХК-ийн захирал, 1999-2000 онд “Дөрвөлт” ОНӨҮГын дарга, 2005-2007 онд төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ. Түүнийг 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед тус аймаг Монгол Улсын шилдэг аймгаар гурван удаа шалгарч байсныг хэвлэлд онцолсон байдаг.

Хэдийгээр улс төрд 20 жил явсан ч УИХ-д бол шинэ гишүүн.  Ж.Батсуурь гишүүнд одоогоор санаачлан батлуулсан  хууль байхгүй алга. .  

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр цахим системд байршуулсан. Ингэхэд Ж.Батсуурь гишүүний жилийн орлого 72 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 25 сая төгрөг гэжээ. Тэрбээр 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг хашаа байшин нэг үйлчилгээний зориулалттай барилга, гражтай. Мөн 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин, 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай. 132 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших газартай. Түүнчлэн дотоод банк санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 17 сая төгрөгтэй бөгөөд “Датуком” ХХК-иас 49 хувь эзэмшдэг аж.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1989 онд Сүхбаатар аймгийн арван жилийн 1 дүгээр сургууль
  • 1989-1993 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль
  • 2001-2003 онд Удирдлагын академи
  • 2017 онд БНСУ-ын Удирдлагын академи

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1994 онд “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилер
  • 1994-1999 онд “Молор импекс” ХХК-ийн захирал
  • 1999-2000 онд “Дөрвөлт” ОНӨҮГын дарга
  • 2005-2007 онд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга
  • 1997-2017 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга
  • 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг дарга
  • 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2015 онд Сүхбаатарын одон
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж